“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан 14 багц бүхий 913 тэрбум 515 сая төгрөгийн өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалтад Өвөрмонголын “Хуа Еэ Аж үйлдвэр” түншлэл нь автогрейде, экскаватор, автосамосвал нийлүүлэх зургаан багц ажлыг хийхээр шалгарчээ.
Гэсэн ч тус тендерийг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулснаас хойш ШӨХТГ-д тав, зургадугаар сард хоёр удаа гомдол очжээ. Үүнтэй холбогдуулан тендерийн нээлтийг ч хоёр удаа хойшлуулжээ. ШӨХТГ-т техникийн тодорхойлолтыг өрсөлдөөнийг хязгаарласан байдлаар тендерийн бичиг баримтад тусгасан хэмээн гомдол гаргасан байгаа юм. Гэтэл Үнэлгээний хороо нь энэхүү гомдлыг үл хэрэгсэн тухайн оныхоо зургадугаар сарын 24-ны өдөр тендерийг нээж, Өвөрмонгол компанийг хамгийн сайн санал өгсөн хэмээн есөн багц ажилд шалгаруулсан ч тус компани зургааг нь авна, гурвыг нь авахгүй гэж гомдол гаргажээ.
Гэтэл шалгараагүй оролцогчдоос таван багцад Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Сангийн яам хэлэлцэж 5,6,10 дугаар багцын гэрээ байгуулсан эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх шийдвэр гаргасан ч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үнэлгээний хороо Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэж, өмнөх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Үүнийг шинжээчийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг зөрчихөөс гадна төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэсэн хуулийг ноцтой зөрчжээ.
Мөн ШӨХТГ-аас уг тендерийг 2022 оны зургадугаар сарын 06-ны өглөө зарлах гэж байхад ердөө нэг минутын өмнө утасдаж болиулсан нь Тендер зарлахаас 10 хоногийн өмнө тендертэй холбоотой гомдлыг ирүүлнэ гэсэн хуулийг зөрчиж, өмнөх өдөр нь иргэнээс авсан албан бичгээрээ тендер шалгаруулах хугацааг хойшлуулсан гэх асуудал ч хөндөгдлөө.