-Яармагийн 300 ортой эх нялхсын төвийн барилгын эргэн тойронд-
Манай сонины нэр дээр “Хан-Уул” дүүргийн 10 дугаар хороо буюу Яармагийн дэнжид баригдаж буй 300 ортой, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн барилгын ажил удаашралтай байна. Концессоор барина хэмээн үүрэг хүлээсэн компани нь ажлаа хийхгүй байна сурвалжилж өгнө үү” хэмээн иргэдээс хүсэлт ирсний дагуу тус барилгын ажил хэрхэн явж буйг энэ дугаартаа сурвалжиллаа.
Түүх өгүүлбэл, манай улс өнөөгийн бидний хэлдгээр гуравдугаар шатлалын эмнэлэг буюу эрүүл мэндийн томоохон төвийг 1986 оноос хойш барьж байгуулаагүй, өнөөдрийг хүрчээ. Хэдийгээр 2009 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Яармагийн дэнжид 300 ортой, Эх нялхсын эрүүл мэндийн төв байгуулахаар Засгийн газар шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна. Учир нь, тус эмнэлгийг барих тендерт ялсан “Нийслэл-Өргөө”, “Пума констракшн” компаниудын консорциум эмнэлгийн барилгыг барихаар 2011 онд гэрээ байгуулан ажлаа эхэлсэн боловч “Төлөвлөсөн 19 тэрбум төгрөгийн төсөв хүрэхгүй байна”, “Нэмэлт санхүүжилт шаардлагатай” гэдэг шалтгаанаар барилгын ажлыг 50 гаруй хувьтай байхад буюу 2013 оны наймдугаар сард барилгын ажлыг зогсоосон байдаг. Харин өнөөдөр өнөөх компаниуд улсаас өгсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, эсэхээ хянуулахаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа сурагтай. Барилгын араг яс болоод байсан тус эмнэлгийг барих шийдвэр гарснаас хойш есөн жил, барилгын ажил эхэлснээс хойш бүхэл бүтэн долоон жилийн дараа Засгийн газраас концессын гэрээгээр барилгын ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэр гаргав. Засгийн газрын 2017 оны тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн газар, “Томо Бьюлдинг” компанитай 25.724 тэрбум төгрөгийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, барих шилжүүлэх төрлөөр концессын гэрээ байгуулан өнгөрсөн хавраас барилгын ажил дахин сэргэжээ.
Концессын гэрээний дагуу тус компани эмнэлгийн барилгыг 2019 оны IV улиралд багтааж ашиглалтад оруулах ёстой агаад Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалтыг 2020 оноос тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан аж.
Ийнхүү олон жил баригдах гэж дуншиж буй эмнэлгийн барилгыг манай сурвалжлах баг зорив. Биднийг тус эмнэлгийн барилгын талбайн гадна очиход гомдол өгсөн иргэдийн хэлсэнчлэн үнэндээ эл хульхан байгаа нь анзаарагдав. Учир нь хажууханд баригдаж байгаа нь “Буянт-Ухаа 2 хороолол”-ын хоёрдугаар ээлжийн барилгын гадна пасадын ажил ид байгаа болохоор тэнд л түм түжигнэж, бум бужигнаж, эрчимтэй баригдаж буй барилгын ажил хэрхэн явагддагийг харж болохоор байсан тул түүнтэй жишсэн хэрэг. Тус эмнэлгийн барилгын хашааны гадна байрлах самбар дээр ашиглалтад орох хугацаа гэсэн хэсэг дээр 2018 оны IV улирал хэмээн бичжээ. Нээрээ л үүгээр явах хүмүүс энэ хаягийг хараад, мөн барилгын явцыг хараад, 2018 оны IV дүгээр улирал эхэлчихээд байхад гаднах байдлыг нь хараад хэзээ ашиглалтад орох юм бол хэмээн эргэлзэх нь дамжиггүй. Ийн бодсоор хэрэг зоригоо хэлж, харуулын байраар нэвтэрч, барилгын инженерүүд байх өрөөнд оров.
Биднийг очиход талбайн инженер, ХАБ-ын инженер хоёр байсан бөгөөд тэд “Барилгын ажил хуваарийн дагуу хэвийн байна. Зарим нэгэн асуудлаас болоод хүн хүчээ нэмж чадахгүй байгаа. Бусад холбоотой асуудлаа манай ахлах инженерээс лавлаарай” гэсэн юм. Бид ахлах инженерийг хүлээх хоорондоо барилгын ажилтай танилцсан юм. Барилгын дотуур явж байхад, энэ том барилгын энд тэнд, хаа нэгтэй хэсэг бүлэг хүмүүс ажиллах агаад “өнөөдөр хэчнээн хүн ажиллаж байгаа” талаар асуухад 100-гаруй хүн хэмээн тоймтой хариулт хэлж байсан юм. Сүүлд ирц бүртгэлийг нь харж байхад нийт 84 ажилтан ажиллаж буйг харж болохоор байлаа. Мөн “Томо Бьюлдинг” компани ажил авснаасаа хойш барилгын дүүргэлт өрлөг, өрөөний хана тасалгааны өрлөг, сан цахилгаан, салхивч хоолой, цонхны ажлуудыг хийгээд байгаа талаар инженерүүд танилцууллаа. Мөн гадна пасадын ажлаа эхэлж буй талаараа ч хэлсэн юм. Ийнхүү барилгын ажлын явцтай танилцсаны дараа ахлах инженер Э.Золбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай барьж буй барилгын хашааны гадаа эмнэлгийн барилгын ашиглалтад орох хугацаа 2018 оны IV улирал гэж бичсэн байна. Энэ хугацаандаа ашиглалтад орж амжих уу?
-Үндэсний хөгжлийн газрын сайт руу орох юм бол манай концессын гэрээ бүрэн эхээрээ байгаа. Тэндээс гэрээг олоод харж болно. Манай ажил гэрээний хугацаагаар 2019 оны IV улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой. 2020 оноос бид ажлынхаа хөлсийг авахаар тусгагдсан. Ажил төлөвлөгөөт хугацаандаа яваа гэж ойлгож болно. Гэхдээ манай компани заавал гэрээний хугацааг хүлээхгүй хурдан хугацаанд бариад, 2018 оны IV улиралд ашиглалтад өгөх хүсэлтэй байгаа.
-Тэгэхээр энэ ондоо багтаад барилгын ажил дуусчих нь гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийн байдлаар бид дотор талын ажил гэхэд 20 гаруй мянган ам.метр талбайн өрлөгийн ажил хийчихсэн байна. Сан, цахилгааны ажил дуусчихсан. Салхивчийн ажил 70-80 хувьтай явж байна. Тиймээс дотор тал бол энэ жилдээ хангалттай дуусаад орчихоор явж байгаа. Магадгүй хүмүүс гаднаас нь хараад гадна ажил явахгүй болохоор барилгын ажил яваагүй гэж харж байгаа байх. Нэмээд хэлэхэд энэ барилга ЭМЯ-ны захиалгатай барилга юм. Гэтэл энэ барилгын зарим ажлууд гэрээнд тусгагдаагүй ажлууд бий. Тухайлбал, гадна тохижилтын ажил гэхэд манайтай байгуулсан гэрээнд тусгагдаагүй. Тэгэхээр гадна тохижилтын ажлыг хийхгүйгээр бид барилгын ажлыг яаж хүлээлгэж өгөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Мөн зургийн зохиогч нь тодорхой хэр нь тэр хүмүүс нь “Манайхтай зохиогчийн хяналтын гэрээ байхгүй ээ” гээд ажлаа хийдэггүй. ЭМЯ руу биднийг зохиогчтой болгож өгөөч гэж бичиг өгөөд сар хүлээж байж, “Энэ компанитай зохиогчийн эрхийн гэрээ байгуулна уу” гэдэг хариу авч байх жишээний. Тэр бичгийнх нь дагуу Барилгын хөгжлийн төв гэрээ байгуулах ёстой байдаг юм. “Захиалагчаас бид шийдвэрийг нь аваад ирлээ. Та бүхэн зохиогчоо авч ирээд ажлыг нь хийлгээд өгөөч. Бид бариад л байдаг. Явцад нь зохиогч газар дээр нь хянах ёстой. Хянахгүй бол болохгүй шүү дээ. Бид гадна талын томоохон ажлууд руугаа орох гээд байна” гээд Барилга хөгжлийн төв дээр өнөөх бичгээ өгөөд, дахиад сар болж байна. Өдөр болгон би үүдэнд нь сахиж сууж байна. Төрийн байгууллагууд хүнд суртал нь дийлдэхгүй хэцүү байна.
Хүйтрэх гээд байна шүү дээ. “Бид шийдвэрүүдээ өгөөдөх. Байхгүй юм аа төсөв мөнгөндөө тусгаад өг. Концесс юм чинь бид мөнгөө гаргаад хийчихье, ямар тендер биш” гэж хэлээд байхад төрийн байгууллагуудын хүнд суртал дийлдэхгүй юм. Мөн дээрээс нь нэмээд хэлэхэд, “Цэвэр, бохир ус, цахилгаан холбох газрууд нь бүгд асуудалтай, төрийн бүх байгууллагын шийдвэр гараад “Шинэ Яармаг”-аас дулаанаа холбо гээд бичиг баримт гарчихсан байхад, “Шинэ Яармаг” гэдэг газар нь манайх өөрийнхөө хөрөнгөөр барьсан. Улс мөнгийг нь өгөөгүй. Манайхыг дулаанд холбуулахгүй гээд байгаа. Бохир ус гэхэд төрийн бүх байгууллагууд тухайлбал, ТОСК-иас гарын үсгээ зураад зөвшөөрчихсөн атлаа бохироо холбоё гэхээр “холбуулахгүй ээ. Манай хүчин чадал хүрэхгүй” гээд байж байна. Цахилгаан байна. Цахилгааныг хаа байсан хоёр км шахуу хол байгаа “Шинэ Яармаг” дэд өртөөнөөс авах техникийн нөхцөлтэй. Нэг талынх нь тэжээл нь холбогдчихсон. Нөгөө талынх нь нэг хүний амины газар таараад, тэрүүгээр нь дамжуулж, холбож чадахгүй тог ирээгүй гацчихсан. Манайх болохоор тог ирээгүй байгаа талаас нь авах техникийн нөхцөлтэй. “Үүнийгээ шийдээд өг. Үгүй бол ойрхон цахилгаан холбох газар байна. Эндээс бид авчихъя. Техникийн нөхцөл гаргаад өгөөч” гэхээр гаргаж өгөхгүй. Ингээд тал талаас хөлийг минь тушчихсан, ажил удааширчихаад байна.
-Та бүгдийг нь төрийн байгууллага болон бусдын буруу гэж ярилаа. Танай талаас шалтгаалж ажил явахгүй зүйл байгаа юу?
-Манай талаас шалтгаалаад ажил явахгүй зүйл байхгүй. Бидний хувьд хийх хөрөнгө, мөнгө, хүн хүч нь байна. Бид хэвийн үед өдөрт 200 хүн ажиллах ёстой боловч өнөөдөр 100 хүрэхгүй байгаа. Ажиллаж буй хүнээ нэмээд дотор засал руугаа оръё гэхээр дулаанаа авч чадахгүй бол яана гэсэн айдас байна. Түрүүчээсээ хамаг мөнгөө зараад л байдаг. Гэтэл дулаанаа авч чадахгүй өвөл царцаачихвал яана.
-Танай компанийн зүгээс “Төсөвт өртгөө нэмье” гэдэг санал ЭМЯ-нд оруулсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэгсэн. Бидний байгуулсан гэрээнд гадна тохижилт хийх ямар ч ажил байхгүй. Дотор талд дөрвөн блоктой барилгын заадсыг таглах ажил байхгүй. Дүүжин таазны ажил зураг дээрээ төлөвлөөгүй. Ганцхан дүүжин тааз нэмээд хийхэд л тэрбум гаруй төгрөгийн төсөв гарахаар байна. Энэ төсөв мөнгөө нэмээд батлаад өгөх юм бол бид хийчихье гэсэн юм. Түүнээс гэрээнд тусгагдаагүй ажлыг хийдэг буяны байгууллага биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Биднийг 10 ажил хий гэж гэрээ байгуулчихаад 15 ажил хий” гээд байж болохгүй шүү дээ. Тиймээс “Та бүхэн нэмээд тусгаад өгөөч” гэж л хүсэлт тавьсан юм.
...300 ортой эх нялхсын төвийг барьж буй “Томо Бьюлдинг” компанийн зүгээс ийм хариулт өгсөн юм. Тиймээс бид ЭМЯ орж холбогдох мэргэжилтнээс энэ талаар мөн тайлбар авлаа.
ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн барилга хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл “Манай яамнаас 2017 онд тус эмнэлгийн барилгыг бариулах гэж Үндэсний хөгжлийн газарт саналаа хүргүүлээд, түүний дагуу концессын гэрээг Үндэсний хөгжлийн газар “Томо Бьюлдинг” компанитай гэрээ байгуулсан асуудал юм. Гэрээний дагуу барилгыг 25 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд 2019 онд ашиглалтад өгөх ёстой. Ажил бол ер нь сайн явж байгаа. Гаднаас нь харахад ажил хийгдээгүй юм шиг харагдаж байж магад. Гэхдээ ажил 70-80 хувьтай явж байна. Мэдээж концессын гэрээ гэдэг бол ажлаа гүйцэтгээд, гүйцэтгэснийхээ дараа нь мөнгөө авах асуудал. Тиймээс компанийн хувьд хурдан хугацаанд гүйцэтгээд мөнгөө авах нь ашигтай. Удаашрах тусам ашиг нь бага болно гэсэн үг.
Захиалагч тал болох манайд ч сайн. Шахаад хурдан хугацаанд шахаад дуусгачихъя гэсэн санаагаар яваа. Гүйцэтгэгч компанийн зүгээс “Ажлын тоо хэмжээ нь байхгүй нэмэлт ажлууд гарч ирээд байна. Үүнийг захиалагч тал шийдэж өгөөч” гэсэн хүсэлт тавиад байгаа. Гэтэл үндсэндээ манайх захиалгаа өгөөд, Үндэсний хөгжлийн газар гэрээ байгуулсан болохоор бид шийдэх боломжгүй. Эхлээд концессын гэрээнийхээ дагуу хийх ажлаа юуны түрүүнд хүлээлгээд өгчих, дараа нь гадна тохижилт зэрэг ажил дутуу байх юм бол тендер зарлаад хийх боломжтой гэсэн үг. Дулаан, цахилгааны асуудлын хувьд холбогдох байгууллагууд руу албан бичиг өгөөд асуудлыг яаралтай шийдэж өгөөч, энэ барилгын ажил зогсох гээд байна” хэмээн хүсэлт өгсөн байгаа. ТОСК-иас хариу ирээгүй байна. Цахилгааны асуудал шийдэгдсэн. Одоо манай яамны зүгээс хамаарч байгаа зүйл байхгүй. Дулаантай байж дотор заслаа хийнэ. Дулаан шийдэгдэхгүй болохоор хүлээгдээд байгаа” гэсэн юм.
Ямартай ч олон жил хүлээгдэж буй 300 ортой эх нялхсын эрүүл мэндийн төвийн барилгын ажил гэрээний дагуу хэвийн явагдаж байгаа аж. Хүндрэл, бэрхшээл гарсан зарим ажилд холбогдох талууд анхаарал тавин ажиллаж байгааг энэ удаагийн сурвалжлагаараа хүргэлээ.