ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан компаниуд нэрлэж байна. Тухайлбал, хамгийн олон гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн “Эко глобал ложистик” /520 мянга/, Шанхын хэц /183 мянга/, Алтаннууц /139 мянга/, Цэций гуа /130 мянга/, Дэлгэрэхцагаановоо /105 мянга/, Аранзал алаг /53 мянга/, Хансахиус /6400/, ВВ транс /5094/ гэсэн компаниудыг үүсгэн байгуулсан Их Британи улсад БНХАУ-ын иргэдийн байгуулсан “И коммодитс монголиа интеллижент ложистикс” толгой компанийн Монгол талын хувьцаа эзэмшигч буюу Гүйцэтгэх захирал нь Цэрэнпүрэвийн Амгалан буюу ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр юм. Энэхүү асуудалд ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Хэлэлцүүлэгдэж буй компаниудад миний бие болон манай гэр бүлийн хүн хувьцаа эзэмшдэггүй. Эхнэр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ямар үйл ажиллагаа явуулдаг талаар би мэдэхгүй.
Би энэ компаниудын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний нэгдмэл сонирхол, ямарваа хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс компаниас тодруулах нь зүйтэй гэж бодож байна. Архивын Ерөнхий газраас ҮСХ-ны дарга Батмөнхийн Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн Ерөнхий газрын дарга асан Баатар гэж хүн мөн гэдэг мэдээллийг файл хэлбэрээр ирүүлсэн. Шинжээчдийг асуудлаа сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд авто ослоор нас барсан. Яг одоо яригдаж буй асуудалтай би шууд хамааралтай бол би хариулахад бэлэн байна. Шаардлагатай бол төрсний гэрчилгээ, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна. Ийм асуудлыг ярихдаа миний эцэг эхийг хүндэтгэхийг хүсье” гэв.
Харин түүний эхнэр Ц.Амгалан “Хамаарал бүхий компаниуд дунд хамааралгүй нэг компани байна. Мэдээллээ нягтлаад залруулах ёстой байх гэж бодож байна. Би 2007 онд сургуулиа төгсөөд уул уурхайн салбарт ажиллаж эхэлсэн. 17 жил тасралтгүй уул уурхайн салбарт ажиллаж ирсэн. И коммодитс монголиа интеллижент ложистикс компанид 2016 онд ажилд орсон. Манай хөрөнгө оруулагч Хонконгийн бирж дээр гарсан, нээлттэй ХК. Тус компанид ажилд орсноос хойш төлөөлөгчийн статустай байж байгаад 2020 оноос тээврийн үйл ажиллагаа эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тээвэрлэлт хийж байна. Шинжээчийн дүгнэлтийн
тоон үзүүлэлттэй санал нийлэхгүй байна. Манайхаас бүх баримт бичгээ өгөөд тулган баталгаажуулах хүсэлтэй байна. Энэ мэдээллийг манайх няцааж байна. Хоёрдугаарт, шинжээч нар мэдээллээ хаанаас авсан бэ. Бид бүх мэдээллээ гаргаж өгье. Ийм асуудал байхгүй. Компанийн хувьд 2016 оноос хойш 1600 гаруй хүн ажиллуулж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсад 132 тэрбум төгрөгийн татвар төлж, улсдаа хувь нэмрээ оруулсан байна. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Компанийн зүгээс өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулж зарим мэдээллийг өгна” гэсэн юм.