Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой сэдвийг шинжлэн судалж байна.
Энэ үеэр УИХ-ын Б.Жаргалмаа Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлш стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн нийслэлийн утаа жил бүр яагаад ихсээд буй талаар тус компанийн төлөөллөөс асуув.
Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх “2019 онд утаа багассан. Үйлдвэрлэлийн хэмжээ ихэссэн нь нийслэлийн хэрэглээтэй холбоотой. Хэрэглээ байнгын өсөлттэй байгаа. 550-650 тонн шахмал түлшийг хэрэглэж байгаа. Шахмал түлшинд нарийн технологи байхгүй. Үндсэн түүхий эд мидлинг, барьцалдуулагч материал 4-5 хувьтай ордог. Түлшний чанарт манайх өөрийн лаборатори болон олон улсын бусад лабораториудад шинжилгээ хийж явдаг. Өөрчлөлт бол байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн жил хүртэл манайд хяналтаа тавиад явж байсан. Хөндлөнгийн лабораториудад байнга шинжилгээний дээж өгч ажиллаж байгаа. Цар тахлын үед БНХАУ-аас барьцалдуулагч материал тээвэрлэхэд хүндрэл гарсан учраас техникийн гурилыг түр хугацаанд ашиглаж үзээд, удалгүй больсон. Түүнээс хойш тэдгээр гурилыг хадгалсан тул технологийн горим нь өөрчлөгдөж ашиглах боломжгүй болсон тул актлагдсан” гэлээ.