Японы Ишикава мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн сүүлд авсан мэдээллээр багадаа 30 хүн амь үрэгдээд байна.
Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлснээр газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид манай улсаас 123 иргэн оршин суудаг бол Тояма мужид 111, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.
ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан хоёр удаагийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэд, Тояма дах өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон нөхцөл байдлыг тодруулж ажиллажээ. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа аж.
Монгол Улсаас Японд сууж Элчин сайдын яамны мэдээлэлд "Энэхүү газар хөдлөлт нь “Япон тэнгис” талын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа бөгөөд газар хөдлөлтийн цаашдын өрнөл, механизм, нөхцөл байдлын өөрчлөлтийг сайтар ажиглах шаардлагатай юм. Энэ нь “Номхон далай” талд буюу Токио, Осака хотыг хамарч ойрын ирээдүйд үүсэх болзошгүй байгаа “Нанкай трап”, “Токио” гэсэн газар хөдлөлт ойрхон ирээд байгааг бидэнд сануулж байна. Цаашид иргэд газар хөдлөлт, цунамигийн талаар мэдлэгээ дээшлүүлж, бүс нутаг тус бүрээр гамшгийн үеэр бие биетэйгээ болон монголчуудын групп, Элчин сайдын яамтай холбоо барих механизмаа сайжруулах шаардлагатай байна. Гамшгийн талаарх мэдээлэлийг ЭСЯ-нд доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье" хэмээн дурьджээ.
ЭСЯ, Консулын хэлтэс
https://tokyo.embassy.mn/page/820