ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ҮР ДҮН: Газрын хулгайч нарт гишгэх газар үлдсэнгүй

O.Admin
2024-01-12

Монголыг аалзны тор мэт сүлжсэн авлигын дуулиан намжих болоогүй байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хулгайлсан бүлэг хулгайчдын дуулианаар эхэлсэн авлигатай тэмцэх ажиллагаа Хөгжлийн банк, Нүүрс, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төмөр замыг тойрсон хулгайгаар үргэлжилсэн билээ. Тэгвэл энэ бүх дуулиан дунд орхигдоод байсан хамгийн том сэдэв нь газрын хулгай байсан. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар газрын харилцаатай холбоотой завхралыг даацтайхан хөндөх талаар сураг гарч, олон нийт ч чих тавин хүлээж байлаа. Тэгвэл өнгөрсөн хаврын чуулгантай зэрэгцэн Засгийн газар энэ талаар ам нээж байсныг эргэн сануулъя. Ерөнхий сайд хууль бусаар газар зарсан, хулгайлсан, түүнээс улбаалан олон нийтийн эрх ашгийг хохироож, аливаа стандарт зөрчигдсөн асуудлыг нэг бүрчлэн жагсааж гаргахыг Ц.Даваасүрэн сайдад даалгаж байжээ.

Нийтийн эзэмшлийн болон нийслэл хотын дэл сул бүх газрыг хувааж эзэмшиж, банкны барьцаанд тавьж мөнгө угааж сурсан бүлэглэлтэй дайтах ажил уг нь 2019 онд эхэлж байсан юм. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байхдаа “Найрамдал” зуслан болон бусад нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнг эзэмшсэн хүмүүстэй хариуцлага тооцох үүрэг өгч, энэ ажлыг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцуулж байв. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа эхлүүлсэн ажлаа Ерөнхий сайд болоод тууштай үргэлжлүүлж байгаад олон нийт талархаж байгааг нуух юун. Тэмцлийн хүчээр нийтийн эзэмшлийн газрууд хэний халаасанд орсныг би мэдэж авцгаасан.

Өнгөрсөн хугацаанд ил болсон газрын хулгайн цөөн баримтыг эргэж харцгаая.

-Төрийн гурван өндөрлөг амьдардаг Их Тэнгэрийн аманд аялал жуулчлалын төв барих нэрийдлээр “Шинэхэн групп” компанид 5 га газар олгосон дуулиан 2019 онд гарч байв. Тусгай хамгаалалттай бүсэд цогцолбор барих газрын зөвшөөрлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар олгосон бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар хамааралтай гэж үзэж байлаа.

-Найрамдал зуслан 5220 га газартай байсан ч хулгайч нар хумсалсаар 1200 га газартай үлдсэн бөгөөд тэнд 100 гаруй хүн газар эзэмшиж байгаа гэсэн жагсаалт цахим орчинд цацагдаж байлаа. Гурван хуудас материал дунд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Сэрдамба, Ус сувгийн удирдах газар, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, түүний эхнэр Сарнай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, дуучин Болд зэрэг дандаа олны танил болон улстөрчдийн нэрс байжээ.

-Хүн бүхний зорин очдог хүүхдийн парк гэхэд л нөхөөстэй дээл нөмөрсөн өнчин хүүхэд шиг тал талаасаа мэрүүлсэн. М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа 2004 онд  Японы “Иточу” компанитай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болж хувь эзэмшлээ 74:26 гэсэн харьцаагаар тогтоожээ. Нийслэл 26 хувийг нь эзэмшинэ гэж гэрээ байгуулсан аж. Ингэж  “А” зэрэглэлийн бүсэд байх  35 га газрыг үнэгүйдүүлсэн байгаа юм. Үүний дараа уг газар хэдэн хэсэг болон хуваагдсан бөгөөд “Бодь” групп, “Мон-Уран-ы Наранхүү, Нийслэлийн Засаг дарга байсан Мөнхбаяр, “Шангрила”-г барьсан MCS компаниуд эзэн  суусан түүхтэй.

-2006 оны хоёрдугаар сард “Ч.Орхон захиралтай “Ю Би  констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгосугай” гэсэн захирамжийг Хотын дарга асан Батбаяр гарган хувьд шилжүүлжээ. Энэ цагаас хойш “”Ю Би констракшн нь тус газрыг ХХБ-ны эзэн Эрдэнэбилэгийн эзэмшлийн Улаанбаатар банкинд дөрвөн удаа барьцаалж 2017, 2018 онд дөрвөн удаа, нийтдээ 8.4 сая ам.доллар болон 2 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байдаг.

-Барс захын арын цэцэрлэгт хүрээлэн ч архичдын цугладаг газар болсон бөгөөд зургаан компаний нэр дээр бий.

-АН-ын дарга асан Эрдэнэ гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төв барина хэмээн хотын төвд газар аваад түүндээ “Шонхор” таур барьж, намын байраар ашиглаж байгааг шалгах ёстой.

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нар нэгдэж нийлэн хятад иргэдэд газар зарсан асуудал мөн нүүрсний сонсголоор ил болсон.

Хүүхдийн гэх тодотголтой бүх газрууд бүгд эзэнтэй болж, зарим газар дээр том зочид буудал, орон сууцны барилга босчээ. Монголын бүх их дээд сургуулийн газрууд захирлуудынх нь нэр дээр шилжсэн баримтыг Л.Энх-Амгалан сайд илчилж байсан. Улсын драмын театр, Соёлын төв өргөө, Үйлдвэрчний эвлэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, музейнууд гэх мэтээр нийтийн эзэмшлийн бүх газрын эздийг илчилж байлаа. 

Газрын хулгай бол нийслэл хотыг сүүлийн 20 гаруй жил удирдаж ирсэн хүмүүстэй шууд холбоотой. М.Энхболдын үеэс эхлээд Ц.Батбаяр, М.Билэгт, Б.Мөнхбаяр, Э.Бат-Үүл гэх мэтээр үргэлжилнэ. “Авлигатай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Тиймээс би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй” гэсэн Ерөнхий сайдын үг газрын хулгайтай нам харгалзахгүй тэмцэх тэмцлээс л илүү тод харагдсан билээ. Газрын хулгайч нарт гишгэх газар ч үлдээхгүй булхайг нь уудалж, хулгайг илчилнэ тань ард түмэн баярлаж байна шүү, Ерөнхий сайд аа. Энэ бүх хулгай луйврын дуулианыг цаашдаа ч тууштай үргэлжлүүлж үр дүн гаргана гэж найдъя.