ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Утга зохиол хэзээ ч хөгширдөггүй

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-17

 “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Манай сурвалжилах баг өнгөрсөн баасан гарагт номын баярын тухай сурвал­жил­га бэлтгэхээр Сүх­баатарын талбайг зорилоо.

Монголчууд номон дотроос төрсөн ард түмэн

Биднийг 13.00 цагийн үед Сүхбаатарын талбайд очиход номын баяр аль хэдийн эхэлчихсэн байв. Талбайд тэгш өнцөгт дүрс үүсгэн цагаан асрууд сүндэрлэсэн байхаас гадна “Номын баярт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа” гэх дуу хаа нэгтэйгээс цуурайтна. Цагаан асрын урд байсан хүмүүс тайз зассан хэсэг рүү явж байгаа харагдав. “Үндэсний номын баяр 2018” нээлтийн үйл ажиллагаа ийнхүү эхэлж байсан юм. Улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөгөөр 100 гаруй үйл ажиллагааг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө” уриан дор зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн номын баярын өдрийг тэмдэглэх ажлыг БСШУСЯ, Соёл, урлагын газар, Монголын зохиолчдын эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна. Үндэсний номын баярт Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга З.Энхболд, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Ерөнхий зохион байгуулагч Соёл, урлагын газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд нар оролцов. Мөн Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Ш.Дулмаа, П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв. Үндэсний номын баярыг нээж Соёл, урлагын газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Улс орон даяар номын баяр болж байна. Ахмад буурлууд цаг зав, сэтгэл гаргаж хүрэлцэн ирж, нүүр тулан уулзаж байгаад баяртай байна. Анх 1995 онд номын баярыг зохион байгуулж байсан. Өдий хүртэл үргэлжилж, өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өнгөрсөн жил 70 гаруй байгууллага оролцож байсан. Энэ жил 100 гаруй байгууллага оролцож байна. Тиймээс нийгмийг хамарсан давлагаа болж чадаж байна” хэмээн хэлж байсан юм. Түүний дараа номын баярт хүрэлцэн ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ахмад зохиолчид өөрсдийн сэтгэлийн үгээ хэлж, ирээдүй болсон хойч үеийнхэндээ алтан сургаалаа хайрлав. Тухайлбал, Ардын уран зохиолч Т.Галсан “Ном бол хүн төрөлхтнийг дотроос нь гэрэлтүүлж ариусгаж байдаг буянтай. Эдийн шуналд бузартсан хорвоог эрдэм номоор ариутгах нь ариусал юм бол уу гэж бодож байна. Ойн сармагчин өдөржин бөөсөө эрж биеэ маажиж өнждөг. Орчин үеийн ухамсаргүй багачууд өдөржингөө утсаа маажиж суудаг болсон. Гэтэл монголын залуу хойч үе энэ мэдрэлийн үймээн болдог цахим тэмтэрч суухын оронд ертөнцөд дээдсийнхээ бүтээсэн ном эрдмээр тархи зүрхээ цэнэглэж явбаас эзэн Чингисийн Монгол цөөхөн атлаа олны олноос дутахгүй” гэв. Бидний үлгэр дуурайл болсон ахмадуудын амнаас алтнаас ч үнэтэй үг их гарч байсан юм. Монголчууд номон дотроос төрсөн ард түмэн. Утга зохиол хэзээ ч хөгширдөггүй. Харин уран зохиолчид хөгширдөг. Уншигчдыг үргэлж залуу байлгадаг уран зохиол үргэлжилж байх болтугай хэмээн ерөөж байв.

Эртний ховор номууд 500-15000 төгрөгөөр зарагдаж байна

Үндэсний номын баяр ийнхүү үргэлжилсээр 14:00 цаг болжээ. Уг баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сан, нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцож байсан юм. Номын баярт оролцож байгаа асруудаар зочлов. Монголын зохиолчдын эвлэлийн 1300 гаруй гишүүн зохиолчдын уран бүтээлийг эндээс худалдан авах боломжтой аж. Харин үнийн тухайд дэлгүүрийн бус эрхлэн гаргагчдынхаа үнээр худалдаалагдаж байгаа юм байна. Тухайлбал, эртний ховор нандин бүтээлүүд ердөө 500-6000 төгрөгөөр зарагдаж байв. Харин “Интер ном” худалдан авагч нартаа зориулж 10-50 хувийн хямдрал зарласан бол “Мир ном” бүх номондоо 20 хувийн хямдрал зарлажээ. Номын үнэ сонирхоод явж байхдаа эртний ховор номууд хамгийн их байгаа асраар зочилсон юм. Ямар төрлийн ном, хэдэн төгрөгөөр зарж байгаа талаар “Одон” номын дэлгүүрийн Т.Одонцэцэгээс асуухад “Хууль, санхүү, эдийн засаг, англи, япон, солонгос, франц хэл гээд бүх л чиглэлийн ном зардаг. Оюутанд зориулсан номуудаа бүгдийг нь 1000 төгрөгөөр зарж байгаа. Эртний номууд 15000 доош үнэтэй. Зай талбай бага учир зарим номуудаа авчирч чадсангүй” хэмээн хуучилсан юм. Номын баярын өдрүүдэд “монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг олон шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт очжээ. Мөн “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номууд худалдаанд гарсан байв. Хүүхдийн номын хувьд үлгэрийн ном, буддаг ном, шилдэг үлгэрүүд цувралууд их байлаа.

Хүссэн номоо зохиолчдын гарын үсгийн хамт авах боломжтой

Энэ үеэр ахмад үеийн төлөөллүүдээс гадна Б.Шүүдэрцэцэг, Ш.Солонго, Б.Эрхэмбаяр зэрэг сүүлийн үеийн зохиолчид нэг дор цугларан ном авсан хүн бүрт гарын үсгээ зурж өгч байлаа. Талбай дээр байгаа хүмүүсийн ихэнх нь гартаа хоёроос дээш ном барьсан байгаа харагдав. Найман настай хүүхдээс 80 настай буурал хүртэл гэдэг шиг дөрвөн настай хүүхэд хүртэл үлгэрийн ном бариад зургийг нь харан баярлан зогсоно. Гэтэл хажууд арав орчим настай охин “Харри Поттер” гэсэн ном тас тэвэрчихсэн “Ээжээ баярлалаа” хэмээн дороо үсрэн хөөрнө. Мөн 50 гаруй насны хоёр буурай авсан номоо бие биедээ харуулан, ярилцаж байгаа харагдав. Энэ бүгдээс ном уншихаа байсан гэх яриаг үгүйсгэмээр санагдаж байлаа. Номын худалдаагаар явж байхад “Хүссэн номоо олчихлоо” хэмээн баярлаж байгаа хүмүүс их байв. Мөн цайны цагаараа ном сонирхоод явж байгаа хүн ч олон байсан юм. Зарим нь гэр рүүгээ залгаж “Номын худалдаа болж байна. Захих ном байна уу. Ямар ном авахуулах уу” гэж хүртэл ярьж байв.

Ийнхүү “Үндэсний номын баяр” хоёр өдрийн турш 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилсэн юм. Уг баярт 100 гаруй байгууллага, зохиолч, яруу найрагч, орчуулагч гэх мэт 500 гаруй хүн оролцсон байв. Харин хөдөө орон нутагт 3-5 үйл ажиллагаа болж өндөрлөсөн байна. Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлах байсан аж. Мөн Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн 110 жил, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны 100 жил, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн 100 жил, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн 90 жил зэрэг тэгш ой нь тохиож байгаа зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран гаргаж байгаагаараа онцлог ажээ.