Хүй мандлын торгон дэвжээ хүн, малын хөлд дарагдан хотойж, хүүхдийн цээлхэн хоолойгоор гийнгоон дуу эгшиглэхэд монгол хүн болж төрсөндөө, Монголд онож мэндэлснээрээ огших, омогших мэдрэмж хөх толбот хүмүүн бүрийн цээжинд төрдөг нь дамжиггүй ээ.
Эр бяртай бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээг хотолзуулан барилдахыг идээ битүүлгээ засчихаад битүүний өдөр үзэж суухдаа, дэмжсэн бөхийнхөө даваа, унаа бүрийг тоолж, өндөлзөн суух эрчүүдийн тэр нэгэн дулаахан төрх сар шинийн баярын бас нэгэн чимэг гэлтэй. Гурвын давааны цол дуудах тэр мөчид хүрэн тэрлэгээ бүрэн бүтэн өмсчхөөд л шинэ цол, чимэг хүртсэн бөх нэг бүрийн амжилтаар бахархан ярьж суух аавын минь тэр төрх сар шинийн баяр дөхөх тусам, битүүний энэ өдөр нүдэнд үзэгдэж, сэтгэлд төсөөлөгдөх нь олонтай.
Эндээс л аав минь монгол хүн болж төрсөн их хувь заяаны бахархал, омогшил, эрч хүч, энергиэ нөхөж авдаг байсан болов уу. Ерөөс уламжлалт баярын энэ өдрүүдэд бид Төв Азийн цээжинд орших жижигхэн Монгол Улсын эгэл нэгэн иргэн ч гэлээ дэлхийд байхгүй өв соёл, уламжлал, ондоошлыг тээсэн “том” улсын иргэд гэдгээ мэдэрдэг нь гайхамшигтай юм шүү.
Үүнийг Академич Г.Чулуунбаатар агсан нэгэнтээ “Уламжлалын шигшмэл өв” хэмээн нэрийдсэн нь бий. Ерөөс уламжлалт баяр, ёслолоо дагаад монгол хүний үндэсний мэдрэмж хүчтэй сэргэж, ондоошлоо огшлоор мэдэрдэг учраас шигшмэл өв хэмээн нэрийдсэн хэрэг л дээ. Дан ганц монголчуудын тархи цусанд байх тэр омогшил, бардамнал, ондоошлыг л уламжлалт баяр, ёслолууд сэргээн гаргаж, Монголоо Монголоор нь авч үлдэх, даяаршиж буй дэлхий дахины дунд өв соёлоо хадгалан үлдээх ухамсрыг нь сэргээдэг хэмээн сэтгэдэг юм.
Гэвч сүүлийн жилүүдэд бидний энэ ондоошил руу хэн нэгэн, хэсэг бүлэг зориудаар халдах гэж, эсвэл уламжлалаа үгүйсгэхийг хүсэгчид цөөнгүй гарч ирсэн нь ажиглагдах болов. Тэр тусмаа цар тахлын хүнд хэцүү гурван жилийн хугацаанд урлаг, соёлын арга хэмжээ тасалдахын хэрээр үгүйсгэгчид, үл тоогсод нэгээр биш нэлээд олон зуугаараа нэмэгдсэн нь гайхмаар хэрэг шүү. Эрийн гурван наадмаа хийж болохгүй хэмээн “Nonaadam” хэмээн хэсэг хошуурцгаасан. Жил бүрийн наадмаар тэд уриа лоозонгоо бариад л хаанаас ч юм гараад ирнэ.
Монгол түмний тэр дундаа малчин түмний мал маллах ур ухаан, өв соёлыг цогцоор тээж буй хурдан морины уралдааныг ч яргалал, тамлал хэмээн үзэх хүмүүс ч олон болжээ. Нэг талаас харвал хүүхдийн тэвчиж боломгүй хөдөлмөр мэт харагдах ч гэлээ нөгөө талаасаа эр хүний тэсвэр хатуужил, эр зоригийн шалгуур болсон бидний орхиж бас мартаж боломгүй өв соёл хэвээр байх ёстой. Цаашдаа ч алдах учиргүй юм. Гагцхүү түүнийг орчин үежүүлж буюу аюулгүй байдал, стандарт, өв соёлоо өөрчлөхгүйгээр хадгалж үлдэхийн тухайд үнэн үг, хатуу шүүмжлэл байх нь зүйн хэрэг биз.
Ахмад буурлынхаа амар мэндийг эрж, ахан дүүсээ, амраг саднаа мэдэлцдэг малчин түмний сар шинийн баярын талаар ч сүүлийн жилүүдэд сайхан үг дуулдахаа болив. “Ийм их мөнгө үрж баярлаж яана вэ” хэмээн шүүмжлэх хүн ч олширлоо. Идээ битүүлэг өрж баян, тарганаа гайхуулцгааж байна хэмээн тэнэглэгсэд ч гарч ирлээ. Ерөөс бэлэг өгөхөө больцгооё хэмээн уриалж буй хүмүүс ч цөөнгүй. Гэтэл бүтэн жилийн турш нэг, нэгнээсээ хол байсан ахан дүүс эдийн дээдийг нэгэндээ барьж, идээ шүүснийхээ дээдээр нэгнээ дайлж, хатуу өвлийг өнтэй, эрүүл саруул давсан баяраа тэмдэглэж буй энэхүү уламжлалыг бид хэчнээн өөрчилж, эсвэл болиулах гээд ч тасалж чадахгүй нь үнэн. “Идээ битүүлэг тавихгүй шүү, илүү хямд төсөр баярлацгаая” гэчихвэл өвгөд, хөгшдийн цээжинд хургасан тэр их гомдол лавтай нүд аних хүртэл нь мартагдахгүй биз. Арга ч үгүй. Ахан дүүстэйгээ эрүүл саруул золгож, шинэ жилийг ухаан санаа цэцэн цэлмэг үзэж буйн баяр нь шүү дээ, тэдний.
Монголд 80 настай нэг ахмад буурал насан эцэслэхэд л нэг том ном, судар үгүй боллоо хэмээн халагладаг. Ухааны бурхад, уламжлал, өв соёлын амьд толь бичгээ бид ашиглах бус эсрэгээрээ “Таны улирсан баларсан цагаан сар хэнд хэрэгтэй юм, бид минимал хэв маягаар баярлана” хэмээн гомдоож, үгүйсгэдэг болсон гэхээр л уламжлалаа гээгсэд буюу өв соёлоо үл тоогсод өдөр, өдрөөр эрчимтэй нэмэгдэж буйтай эвлэрч, бас халаглахаас өөр яалтай.
Гагцхүү элдвийн чанаргүй, хямд төсөр бэлэг бус уламжлал өв соёлоо хадгалсан бэлэг, үндэсний мөнгөө барьж золгох, нэгэндээ бэлэглэх тухай уриалга, лоозон бол байх ёстой зүйл юм. Хэдхэн сарын өмнө монголчуудын хүртээл болсон “Шар гэгээ” киноны талаар амтай бүхэн л ярьж, бичив. Тухтай суугаад анхааралтай үзэх нь ээ, тэр кинонд бидний тархи, зүрхнээс бага багаар арчигдсаар байгаа мянга, түмэн өв соёлын өчүүхэн жаахан хэсгийг харуулах гэж хичээжээ.
Хүүхэд үрчлэх ёс, өтгөс буурлын үнэн үг, орчлонд нүцгэн ирсэн шигээ ор мөргүй замхран одох их ухаан гээд олон зүйлийг нэг бүтээлээр харуулахыг зорьсон юм билээ. Энэ бол маш гайхалтай бүтээл болсон нь үнэн. Мартагдаж буй өв соёл, уламжлалыг залуу үе та нар санаж сэртүгэй хэмээн уран бүтээлчийн хувиар “хашгирсан” ч гэлээ шүүмжлэх зүйл олон байсныг нуух юун. Өнөөх л орчин цагийн залуусын хэтрүүлж, дэгсдүүлээд байгаа ч хэтэрхий ужгирсан, хуучинсаг сэтгэлгээ гэх агуулга. Угтаа бидний аав, ээж, эмээ өвөөгийн үед байсан тэр уламжлалыг өнөө цагт шууд хэрэглээд, мөрдөөд явж хэрхэвч болохгүй. Уламжлалаа агуулж байсан оршихуй хийгээд нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр бид дагаад соёлын шоконд орж хаашаа, хэнийг, юуг дагахаа мэдэхгүй хуйларч буй нь үнэн л дээ. Энэ талаарх эрүүл шүүмжээ харин буруугаар илэрхийлэгсэд олон болжээ гэж хардаг юм.
Дэлхий дахин хурдтай, далайцтай хөгжөөд байхад бид энд гар зөрүүлэн хөөрөгний толгой имэрч, дээлийн зах мушгисаар суугаа нь шинэ цагийн залууст хуучирсан, орхигдсон мэтээр санагдаад байгаа хэрэг. Тэгвэл энэ бүхэн ганц Монголд болоод байгаа зүйл биш. Дорно, өрнийн өвөрмөц соёлтой дэлхийн олон ч улс орнууд шинэ цаг үе хийгээд уламжлал хоёрынхоо дунд “гацсан”. Хиймэл оюун ухаан, сансар, огторгуй судлал, робот, уран зөгнөлт хийсвэр сэтгэлгээнд хэт автаж, уран бүтээлчид ч үүнд хэтэрхий шунаж байв.
Тиймдээ ч дэлхий нийтээр ийм кино, уран бүтээлд хэв автаж, хэдэн зуун бүтээлүүд ар, араасаа төрөн гарч байсан нь саяхны үйл явдал. Харин одоо эргээд харвал тэд энэ алдаагаа засаж эхэлснийг та бид ч бүтээл бүрээс нь харж, мэдэрч буй. Уламжлалаа, орчин үетэйгээ хослуулж буюу хүн биеийг олж амьдраад энэ орчлонгоос одох хүртэл бидний хийсэн үйлийн үр хүүхдэдээ үлдээх буян, нүглийн тухай бодрол, эргэцүүлэлтэй бүтээл, орчлон ертөнцийн үүсэл, бурхан, чөтгөрийн хэмжүүр, ерөөс тэнцвэр бас дахин тэнцвэрийн талаарх философийг бүтээл бүртээ тэд шингээх болов.
Нэг үгээр хэлбэл, залуу үеэ, хүүхдүүдээ орчин үеийг уламжлалтай нь холбож гагнасан уран бүтээлээрээ эргээд ахуйтай нь холбохыг оролдож буй нь тэр юм. Тэд хэдийгээр уламжлалаа хадгалж үлдэхийг хичээсэн ч гэлээ өнөөх өвгөдөөс үр хүүхдэд өвлөн үлдээх амьд харилцаагаа мартаж орхисноос шинэ үе, шинэ нийгэм нь хэтэрхий “робот”-члогдож, дижиталчлагдчихаж.
Япон, Хятад зэрэг дахин давтагдашгүй өв соёлтой ард түмэн шилжилт бүртээ өөрсдийн өв соёлоо бичээд л байсан, бичээд л байсан. Хэдэн зуун номонд тэд бид ийм замаар, ийм өв соёлоор явж ирсэн шүү гэдгээ бичээд, зураад л байжээ. Цайны өв соёл, торго, тоосго хийж буй ахуйгаа ч музей байгуулан дүрсэлж, ном болгон хэвлээд л байв. Гэвч “амьд” байлгаж чадаагүй юм, тэд. Чин үнэнээр сонирхсон хэсэгхэн хүмүүс л тэр номыг, музейг зорьж очиж үзэхээс хүүхэд залуус, идэр насныхан, ээж аавууд ч сурч боловсорч, урагш тэмүүлэхэд анхаараад тэр бүхнийг олж харсангүй бас уншиж судалсангүй.
Тиймээс дэлхийн улс орнууд одоо ямар арга хэрэглэж эхэлсэн бэ гэхээр “соёлоор довтлох” буюу нүдэнд нь харуулж, гарт нь бариулах аргыг хэрэглэцгээж эхэллээ. Хүүхэд, залуусаа бага наснаас нь музейгээр дагуулан явуулж, хичээлийн программд түүнийг нь суулгачихаж байна. БНХАУ-ын олон хот, мужид хамгийн их үзэгчтэй байдаг газар нь музейнууд. Тоосго, чулууны музей нь хүртэл ажлын өдрүүдэд ч ачаалал ихтэй байдаг юм билээ. Нялх балчир үрсээ дагуулсан хосууд, багш нар өдөрт хэдэн зуугаараа музейгээр эргэлдэнэ. Нөгөөтээгүүр, хүүхэлдэйн кино, олон ангит цуврал, адал явдалт уран бүтээл, дуу шүлэг, энтэртайнмент нэвтрүүлгээр дамжуулан тархи зүрхэнд ахуйг нь шингээх гэж оролдох болжээ. Тэгвэл монголчуудын тэднээс ялгарах ганц зүйл нь уламжлалаа, ахуйгаа, өв соёлоо амьд байлгаж чадсан явдал гэдгийг МУБИС-ийн Түүх нийгмийн багш На.Сүхбаатар онцолж хэлсэн байна билээ.
Өөрөөр хэлбэл, бидний аав нар мал муулах, арьс сур элдэх, эмнэг хангал сургах, хурдан морь унах арга ухаан өв соёлыг өөрөө үлгэрлэж, үр хүүхэд, ач зээ нараа дагуулан явж, сургаж бас өвлүүлдэг. Хүнээс хүнд өвлүүлдэг амьд соёл гэж энэ юм. Баруун монгол эмэгтэйчүүдийн алдарт “улаан цай”-ны өв соёлыг номонд бичиж, давс, хужиртай нь музейд хадгалаад ч гарыг нь барьж самруулж, загнахдаа загнаж, магтахдаа магтаж, хажууд нь харж зогсоод чануулахаас шал ангид ойлголт. Ээжийн цай чанах арга техник, эмээгийн өвлүүлсэн жор гэдэг нь өөрөө Монголын өв соёл, уламжлалыг Монголоор нь авч үлдэж буй арга ухаан билээ. Манжийн дарлал, их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч Монгол Монголоороо оршиж чадсан ухаан нь өөрөө амьд соёл ажээ. Өвөөгөөс аавд, ааваас хүүд, хүүгээс ач нарт өвлөж ирсэн тэр уламжлалыг шатааж, устгаж, түймэрдэж болохгүй. Үе удмаар нь тасаллаа ч ахан дүүст, айл саахалтад өвлөгдсөөр байдаг учраас Төв Азийн цээжин дэх энэ жижигхэн улс эрхэмсэг хийгээд ихэмсгээр сүр хүч, өв соёлоо гайхуулан оршсоор байгаа юм.
Тиймээс үүнийг устгах, эсвэл үгүйсгэх, цаашлаад үл тоохын тухайд эвлэрч чаддаггүй учраас уламжлалт баярын энэ өдрүүдэд зориуд санаж, сэрэг хэмээн бичиж суугаа нь тэр юм шүү. Монголыг Монголоор нь үлдээх өв соёл, уламжлалаа үл тоож, эсвэл үлдээгээд явах бус илүү тордож, өнгөлж, зүлгэж, шинэ цаг үетэй сүлж, хөгжүүлэх нь юу юунаас чухал болоод байгаа юм. Монгол хүн буурин дээрээ хогоо үлдээж нүүдэггүйн адилаар энэ уламжлал, ахуй биднийг ичгэвтэр байдалд оруулж байна, дэлхийн хөгжлөөс хойш татаад байна, дэмий зүйлийг орхичихъё хэмээн гээгээд, мартаад байвал нэг л өдөр дагаар улсын зовлонд унах ч юм билүү, хэн мэдлээ.
Үүнийг ч Монголын төр бодлогоор олж харан соёлын салбараа тусгайлан яам болгож, соёл урлагийн салбарт хамгийн өндөр төсөв баталж, үе үеийн Ерөнхийлөгч нар нь үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлөн хадгалуулах чиглэлээр зарлиг гаргахад ач холбогдол өгсөөр байгаад нь эгэл нэгэн монгол иргэний хувиар талархаад ч барамгүй. Хамгийн сүүлд буюу энэ сарын 01-ний өдөр Морин хуурыг түгээн дэлгэрүүлж, өвлөн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан нь бахархалтай үйл байлаа.
Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэдэг хос чавхдаст морин хуур ч бидний шигшмэл өв маань учраас ухаант хүмүүн та амьд өв соёлоо таслах тухай, эсвэл үл тоох, мартаж гээхийн тухай “оготор” санал бодлыг уулгалан дэмжиж, уухайлан түрмээргүй байгаа юм. Даяарчлагдаж буй дэлхийд дагаж алхах олон зүйл байгаа ч гэлээ дангааршиж үлдэх ганцхан зүйл маань өв соёл, уламжлал, амьд өвүүд гэдгийг хүүхэд залуус маань ч санаж яваасай. Эрхэм олон монголчууд минь өв уламжлалаа дээдэлсэн үндэсний баярынхаа энэ өдрүүдэд хотол түмнээрээ сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.