ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Золгож, баярлаж давхихгүй хоёр хоночихмоор байна, нийслэлчүүд ээ

O.Admin
2024-02-16

Цаг агаарын нөхцөл байдал нийт нутгаар хүндэрч, зарим газарт байгалийн гамшигт үзэгдэл болж, малчид хэдэн малаа цас зуданд алдаж, амжиргааны хэдээсээ салж байгаа уйтай амьдрал хөдөөд өрнөж  байна.

Улсын хэмжээнд зудын байдалд үнэлгээ хийхэд таван  аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа гэжээ. Ийм тохиолдолд хүн, мал амьд үлдэж, торж хоцорно гэж төсөөлөхөд ч бэрх билээ.

Зөвхөн энэ сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 508,039 толгой мал хорогдсон тухай Засгийн газраас мэдээлсэн юм. Шаардлагатай бүхий л арга хэмжээ авахын тулд холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд үүрэг чиглэл өгчээ. Цаашид ч байгалийн гамшигт үзэгдэл өрнөхөөр байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлэг гаргаж байна билээ.

Тухайлбал, хангайн бүсээр зарим газарт газрын хөрсөн дээр -45 хүрэх бол говийн аймгуудаар нэмэх градус руу орж, харин шөнөдөө огцом хүйтэрч салхи шуургатай байхыг мэргэжлийн байгууллагаас сануулсаар байна. Харин төв суурин газраар шар усны үерээс болгоомжлуулж, айл өрхүүдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, мэдэгдэх хуудсыг тарааж эхлэв.

Нийслэлд хүртэл Сэлбэ голын цас мөсийг мэргэжлийн байгууллагын алба хаагчид өдөр шөнөгүй зөөвөрлөж, үерийн тохиож болох эрсдэлээс иргэдийг хамгаалах арга хэмжээг авч эхлээд байна. Өнөөдөр гэхэд л Улаанбаатар хотод +2 зааж буй ч шөнөдөө -35 хүрч хүйтэрнэ гэдгийг Хотын даргаасаа эхлээд сануулсаар байна. Гэтэл манайхан Хотын дарга цаг агаар ярьж давхилаа хэмээн даапаалж ч байх шиг. Эсрэгээрээ тэр хүн сануулахгүй бол ажлаа хийсэнгүй хэмээн загнаж зэмлэх нь олон биз. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ анхааралтай байж, үерийн ам, далан дагаж буусан зарим айлыг нүүлгэж буй шийдвэр, тушаалыг үг дуугүй дагахсан. Сайхан шинэлж дууссан бол бодит амьдралтайгаа нүүр тулж, хөрсөн дээрээ бууя, монголчууд аа. Элдэв баяр ёслолоо өндөрлөж, хэдэн малчдадаа туслах аян өрнүүлж, хөдөө амьдарч байгаа хэддээ шаардлагатай мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж баймаар байна. Нийслэлийнхэн ч хаа хаанаа анхаарч, маргааш, нөгөөдрийн хүйтэнд бэлдэхэд гэмгүй байна. Сануулсаар байхад хөдөө явж, баярлаж хөөрч давхихгүй хоёр хоночихмоор байна шүү, нийслэлчүүд ээ. Улс төр, улстөржилт, элдэв баяраа алгасаад хэдэн малчдадаа туслах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг уриалъя.

Сар шинийн дараагаар өрнөдөг нутаг усны золголтоо ч түр  зогсоож, өвс, тэжээлийн туслалцаа өрнүүлж, дэм дэмэндээ байгалийн гамшигт үзэгдлийг давах шаардлагатай цаг ирлээ. ЭНэ хаваржингаа нөхцөл байдал амаргүй байхыг мэргэжлийнг хүмүүс сануулсаар байна шүү дээ. Хот, хөдөөгүй хариуцлагатай байж, эрсдэлтэй үеийн бэлтгэлээ ч сайтар хангамаар байх юм. Анх удаа өвөл болж, цас зудтай нүүр тулаагүй учраас намрын налгар цагт өвс тэжээлийн бэлтгэлээ сайтар хангаж байхыг ч сануулах учиртай.

Аливаа эрсдэлийг биеэр туулж, үзсэн хойноо харамсдаг биш урьдчилж тооцоолж, бэлтгэлээ базаах шаардлагатай. Түүнчлэн, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг сайтар дагаж, малаа хол бэлчээхгүй байя. Цаашлаад малынхаа араас дагаж, амь насаа эрсдүүлэхгүй байгаач ээ, малчид аа. Амь наснаас үнэтэй мал гэж байхгүй билээ. Тэгэхээр хэрэгтэй үед нь сэтгэл санааг өргөж, нэг нэгэндээ дэм хүргэе. Нийслэлчүүд ч өнөөдөр, маргааш болох их хүйтэнд анхаарч түлшээ базааж, зуух яндангаа цэвэрлэж, шөнөдөө ээлжлэн гал алдахгүй байж, хотын хариуцлагатай иргэний үүргээ биелүүлээрэй. Хүүхдүүдэдээ ч маш сайн анхаарч, дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжицгээе.