Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Морин хуурын олон улсын наадам билээ.
Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж, "Дэлхийн морин хуурын холбоо"-ны тэргүүн Н.Жигжиддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг үндэсний морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
VII наадам 2024 оны долдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болохоор товлогдсон бөгөөд орон нутагт анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог юм. Наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, "Дэлхийн морин хуурын холбоо" хамтран зохион байгуулна.