Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ.
Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулав. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан наснаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийлээ.
Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовиур, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм.
Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтууд, эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодид хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой. Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногт энгийн тасаг руу шилжсэн, биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна.