ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Зуданд сөхрөх төр

O.Admin
2024-03-20

Нэг хэсэг шуугисан зуд турхан өнөөдөр мартагджээ. Зуд арилж, сайхан хавар болж малчдын магнай тэнийв үү гэвэл үгүй. Зуд одоо ч үргэлжилж мал хорогдсоор байна. Харин ч ирэх дөрөвдүгээр сард бүр ч хүндэрнэ гэх. Албан гэх эх сурвалжийн мэдээллээр 4,7 сая мал хорогдоод байгаа аж.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум л гэхэд нийт малынхаа 50 хувийг алдчихаад байна. Тэгвэл яагаад энэ талаар хэн ч ярихаа больчихов. Улсын нөөцийн өвс тэжээл аль хэдийн дуусч, дарга даамлууд өөрсдийн тойрогтоо уут тэжээл, боодол өвс хүргэсэн болоод л ажин түжин болжээ. Тэгэхдээ тэд олон жийп хөлөглөж, торгон дээл өмсөж, бууз жигнүүлж, зураг хөргөө даруулан сүржигнээд далдарсан. Төр засаг өвс тэжээл өгсөнгүй гэж буруутгахаасаа илүүтэй төрөөс мал аж ахуйн талаар баримтлах бодлогодоо дорвитой өөрчлөлт хийх цаг нэгэнт болсныг харуулна. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан.

Гэтэл ямар ч хамгаалалтгүй хиарах мал. Хотоо харлуулсан малчид нийслэлрүү нүүж, захын нэг жалганд хашаа хатгаад хоол нэхээд суучих таагүй дүр зураг төсөөлөгдөх. Мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого энэ тэр гэх сүржин бичиг баримт, шийдвэр цөөдөөгүй. Харин амьдралд хэрэгжихүйц, улс орон, малчиддаа хэрэгтэй бодлогыг хэзээ боловсруулж, хэрэгжүүлэх вэ.

Гавъяат, мянгат, аварга, алтан төлийн эзэн гэж төмөр тэмдэг, алга дарам цаасаар хуурч сонгуулиар толгойг нь эргүүлж явсаар эцэст нь мал ч үгүй болох аюул холгүй. Бэлчээрийн мал аж ахуй монгол улс, монгол хүний оршихуй. Эрчимжсэн мал аж ахуй манайд хөгжих боломж хомс. Хангай, Хэнтийн ганц хоёр аймаг, Халх голын сав газраас өөр эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломжгүй.

Идэш тэжээлийг нь заавал тариалах шаардлагатай учраас л боломж хомс. Бэлчээрийн даацаасаа давсан 70 гаруй сая толгой малаасаа тодорхой хувийг нь намар эргэлтэнд оруулж нядлах, түүнийгээ экспортлох гээд төр, хувийн хэвшил, малчин гурвын хамтын ажиллагаа нэн чухал байна даа.