Эрүүл мэндийн яамнаас амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны хуралдаанаар “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” асуудлыг хэлэлцээд “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Энэ дагуу хоёр сайдын хамтарсан тушаалаар амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулан, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар амны хөндийн эмгэгийг бууруулах зорилготой “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан билээ.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, иргэдэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн Эрүүл шүд- эрүүл гэр бүл аяныг орон даяар зохион байгуулна. Аяныг угтсан эхний арга хэмжээ нь хэвлэлийнхэнд зориулсан сургалт юм.
Телевиз, сайт, сонины сэтгүүлчдээс гадна ЭМЯ-ны харьяа байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнууд 40 гаруй хүн оролцсон сургалтыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нээж хэлсэн үгэндээ иргэдэд зөв мэдээллийг тасралтгүй өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал учраас энэ удаагийн сургалтыг хэвлэлийнхэнд зориулан зохион байгуулж байгааг онцолсон.
Тэрбээр “Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр”-ийг 2007 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдөр шүд, амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудлаар тодорхой онцлог сэдвийг хөндөн тэмдэглэн өнгөрүүлж ирснийг дурдаад “Дэлхийн шүдний холбооноос энэ жилийг “Ам эрүүл бол бие эрүүл” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх нь амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудалд иргэд, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
Амны хөндийн өвчлөл бол дэлхийд хувь хүн, эрүүл мэндийн салбар, эдийн засагт нөлөөлж, өвдөлт, таагүй байдал, нийгмээс тусгаарлагдах, өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэг ч энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлж, анхан шатанд нь эмчлэх боломжтой” гэсэн юм. Мөн “Эрүүл шүд” арга хэмжээг зургаан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтойг хэлсэн.
ЭМЯ-аас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлэн ЭМДҮЗ-ийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоолын дагуу хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25 мянган төгрөгөөр тооцон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60 мянган төгрөг, орон нутагт 1.5 дахин их буюу 90 мянган төгрөгөөр тогтоосон нь орон нутгийн иргэд чанартай, аюулгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж буй юм.
“Эрүүл-шүд” хөтөлбөрийн зорилтын дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд танилцуулсан. Тус хөтөлбөрийг 2024-2027 хүртэл “Амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах”, “Амны хөндийн эрүүл мэндийн дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх”, “Нүүр ам судлалын салбарын хүний нөөцийг дэмжих чадавхыг бэхжүүлэх”, “Анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг нэвтрүүлэх”, “Нүүр амны тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэх”, “Амны хөндийн эмгэгийн бүртгэл, тандалтын тогтолцоог бэхжүүлэх” гэсэн зургаан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх юм.
Ингэснээр амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, амьдралын туршид болон ажиллах, суралцах орчин нөхцөлд нь амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа хэрэгжиж, амны хөндийн өвчний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулж амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чадвартай эрүүл мэндийн ажилтны хүртээмж нэмэгдэнэ. Мөн хүн амыг нотолгоонд суурилсан, зардал багатай амны хөндийн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулж, амны хөндийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, явцын судалгааг бэхжүүлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоох, нийгмийн эрүүл мэнд болон бодлого боловсруулах үйл явцын уялдаа холбоог бэхжүүлэх талаар мэдээлэл өгсөн.
Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан 3-5 настай хүүхэд тутмын хоёр нь, таван настай гурван хүүхэд тутмын хоёр нь, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гурав нь, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой гарсныг ЭХЭМҮТ-ийн дэд захирал Т.Болормаа хэвлэлийнхэнд хийсэн мэдээллийнхээ эхэнд дурдаад хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд чих хамар хоолойн өвчлөлийг шүдний өвчлөлтэй хамааруулж үзэхэд шүдний цооролттой хүүхдэд чих хамар хоолойн өвчлөл давамгай илэрч байгаа нь нэг үүсгэгчээр үүсгэгддэг халдварт өвчин гэдгийг баталгаажуулж буйг хэлсэн.
Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлтийн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч Э.Билгүүн, “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд” сэдвээр НЭМЗТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа, эрүүл зөв хооллолты тухай НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан нар мэдээлэл өгсөн.
Шүд цоорох өвчин нь шүдэнд наалдсан цоорол үүсгэгч нянгийн улмаас хоолны үлдэгдэл, нүүрс усыг хувиргаж хүчил үүсгэдэг, улмаар амны хөндийн pH буурч шүдний бүтцийг цаг хугацааны явцад эрдэсгүйжих хатуу эдийн ионы тэнцвэр алдагдаж, зөөлөрч хөндий үүсгэдэг архаг халдварт өвчин юм. Үүнээс урьдчилан сэргийлэх энгийн арга нь шүдийг гаднаас нь фторжуулахаас гадна нийтийн хэрэглээний ундны ус, сургууль дээрх ундны ус, сүү болон давсыг фторжуулж, фтортой бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Мөн амны хөндийн ач тустай бичил нян ба өвчлүүлэгч бичил нянгуудын тэнцвэрт байдал алдагдсанаас хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний бүтээгдэхүүн болох төрөл бүрийн ундаа, жүүс, сок, иогурт, шоколад зэргийг ихээр идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөж үржих хүчиллэг орчинг үүсгэж, улмаар пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих, чулуу үүсэх нөхцөл болдог талаар мэргэжилтнүүд ярьсан.
Энэхүү сургалт нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, нийгэмд хэвшсэн ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшилд эергээр нөлөөлөх, эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлахаас гадна буруу ташаа мэдээ, мэдээллийг залруулахад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой боллоо.