Эрүүл мэндийн яам Канадад төвтэй “Лаурэл” мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Ингэснээр эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон талын ач холбогдолтой юм. “Лаурэл” сангийнхан ярихдаа “Монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртай” гэжээ. Тэд нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөсөн байна.
“Лаурэл” мэс заслын сан манай улсад 2015 оноос үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд болор цайх өвчний мэс засал хийжээ.
Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт сургалт зохион байгуулж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд, цаашлаад нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон талт ажил хэрэгжүүлж байгаа аж.
Санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг тус сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулах юм байна.