ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ганзориг: 70 гаруй аан-ээс 4000 ажлын байрыг зарласан

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-20

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон “Эйч ар клуб” хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг  Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн ач холбогдлын талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэх газрын Хэлтсийн дарга Г.Ганзоригтой уулзаж тодрууллаа.

-Өдөрлөгт хэдэн аж ахуй нэгж оролцож, хэчнээн ажлын байрны захиалга ирүүлсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга зарласан байгаа.  

-Өдөрлөгт ирсэн иргэд шууд ажлын байранд зуучлуулж ажилд орох боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ ажлын байр гэдэг нь их байхдаа гол нь биш. Иргэн ажил олгогчийн ярилцлагад тэнцдэг байх нь чухал. Энэ нь ажлын анкетаа зөв бөглөх, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зэрэг хүндрэл гардаг. Өнөөдрийн арга хэмжээний онцлог нь хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь онцлог юм.

-“Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөгийн хүрээнд хэдэн иргэнд хүрч үйлчилнэ гэсэн таамаглал байна. Өдөрлөгийн зар мэдээллийг хэрхэн хүргэж ажилласан бэ?
-Хоёр өдрийн хүрээнд 10000 гаруй ажил хайгч хүн оролцоно гэсэн хүлээлт байгаа.

-4000 ажлын байрны захиалгад ямар мэргэжлийн боловсон хүчний захиалга ирсэн байна вэ?
-Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлийн ажлын байрны захиалга түлхүү байна. Жишээ нь “МАК” цементийн компани 300 ажлын байр зарласан бөгөөд ажилд орох хүсэлтэй иргэдийн анкетыг аваад хүний нөөцийн мэргэжилтнүүдээ авчраад суулгасан. Анкетаар тэнцсэн иргэдийг ажлын ярилцлагад оруулж шууд ажилд авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

-Зарласан ажлын байрны цалингийн жишгийн талаар. Цалингийн доод хэмжээ хэдэн төгрөг байна вэ?
-Дунджаар 13 албан тушаалд ажлын байр зарласан байна. Улсын дундаж цалин 930 мянган төгрөг. Өдөрлөгт оролцож байгаа аж ахуй нэгж байгууллагууд 550 мянгаас 2.5 сая төгрөгийн цалин санал болгож байна. 

-Ажил олоход хүндрэлтэй 40-50 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байна. Ажил олгогч эздэд зорилтод бүлгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэл хүргүүлэх боломжтой юу?
-Аж ахуй нэгжүүдэд төрийн зүгээс чиглэл хүргүүлдэггүй. Гэхдээ 40-50 насны ажил олоход хүндрэлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бүлгийн зохион байгуулалтад оруулж сургалтад хамруулдаг. 2018 оны хэмжээнд 795 иргэн төрийн дэмжлэгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Тарвагатай аманд 100 га талбайн 53 га-д төмс хүнсний ногоо, 53 га хүлэмжид нарийн ногоо тарьж ажилласан. Бид нэг иргэнийг 2-3 жил дараалуулж ажиллуулах хөл дээрээ бат зогсох, амьдрах чадварт сургадаг. Бүлгийн зохион байгуулалтад орсон иргэдэд мөнгөн дэмжлэг үзүүлдэггүй. Мэргэжил аргазүй, техникийн туслалцаа үзүүлдэг нь бодит дэмжлэг болдог.

-Хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжин хэдэн иргэн ажлын байранд зуучлуулсан бэ?
-Өнөөдрийн байдлаар тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8600 гаруй байна.  Үүнээс 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүллээ.