ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэр Олимпын тугийг дэлхийн дээвэрт мандуулахаар явсан

O.Admin
2024-05-17

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн 8848 метрийн өндөр оргил руу нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүй гарсан анхны монгол уулчдаар түүхэнд үлдэх зорилгоор уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Балбыг зорьсон. 

Тэдний авиралт дөрөвдүгээр сарын 5-наас зургаадугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч замын дунд Д.Отгонхүүгийн бие муудан авиралтаа зогсоосон бол  53 настай Ц.Өсөхжаргал, 31 настай Л.Пүрэвсүрэн Олимпын тугийг Төрийн далбааны хамт Эверестэд мандуулахаар авиралтаа үргэлжлүүлсэн билээ. Тэд 8000 метрийн өндөрт буюу уулчдын шандас сорьдог үхлийн бүсэд хүрсэн ч тавдугаар сарын 12-ны 19:30 цагаас хойш төв баазтай холбоо тасарч ор сураггүй алга болсон юм.

Тухайн үед Эверестын орчимд 80 км/ц-ын хүчтэй шуурга шуурч байв. Балбын талаас дөрвөн уулчин сураггүй алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч ямар нэг ул мөр олоогүй. Цаг хугацаа өнгөрөх хэрээр манай уулчид эсэн мэнд олдоно гэх найдвар тасарсаар байлаа.  

Сураггүй болсон монгол уулчдын байх магадлалтай IV баазаас дээшхи хэсгийг үхлийн бүс гэж нэрлэдэг. Учир нь 8000 метрээс дээш өндөрт хүчилтөрөгчийн түвшин хэт бага тул нэмэлт хүчилтөрөгч ашиглахгүйгээр амьд үлдэх боломжгүй байдаг аж. Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж “Миний санаж байгаагаар тэр өндөрт нэг ч уулчин ийм удаан хугацаанд амьд үлдэж байгаагүй. Бид тэднийг хэрэв эсэн мэнд олвол гайхамшиг болох болно” гэж  “everestchronicle.com” сайтад ярьсан байв. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар уулын спортын сонирхогчоос мэргэжлийн тамирчин болж, 10-аас дээш жил ууланд авирсан туршлагатай уулчид байсан юм.

Гэвч харамсалтай нь өнөөдөр өглөө Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олж, Л.Пүрэвсүрэнг үргэлжлүүлэн хайж буй тухай харамсалтай мэдээ дуулдлаа.

Тэд Эверестын оргилд энэ авиралтыг хийхийн тулд нэг жилийн турш бэлтгэснээс гадна өөрсдийн ур чадвартаа хэзээ ч эргэлзээгүй юм. Бас зорилгодоо, үнэт зүйлдээ үнэнч байсан юм. Монгол хүний авхаалж самбаа, зориг, хүсэл тэмүүллийг харуулж эцсийн амьсгалаа тасартал тэмцсэн нь лавтай.  

Монголын уулчин Ц.Өсөхжаргал нь “Хүннү хайкинг” клубын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд  Европ тивийн ноён оргил, Африкийн ноён оргил, Паримын уулсын оргилд амжилттай гарсан нэгэн байв. Тэр Олимпын тугийг Төрийн далбааныхаа хамт Эверестын оргилд мандуулахаар явсан.  Зорилгодоо хүрэхээс 200 хан метрийн наана эцсийн амьсгалаа татлаа.

Түүний гэр бүл үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.