ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Хүсэлт гаргасан дөрвөн оюутан тутмын нэг нь “Оюутан цэрэг” хөтөлбөрт тэнцжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-18

Их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулах зорилготой ес дэх удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил их, дээд сургуулийн 4000 гаруй оюутан хүсэлт илгээснээс 47 сургуулийн 1000 гаруй оюутан тэнцжээ.

Өмнө нь оюутан залуус бичгээр хүсэлт гаргаж 10 оюутан тутмын нэг нь бүх шалгуурыг даван тэнцдэг байсан бол цахим шилжилтийн хүрээнд И-Монгол платформоор “Оюутан цэрэг” хөтөлбөрт элсэх хүсэлтийг авсанаар хүсэлт гаргасан дөрвөн оюутан тутмын нэг нь тэнцэх болсон байна. Гэвч, энэ тоог улам ихээр нэмэх боломжийг жил бүр оюутнууд Засгийн газарт дайж ирсэн юм. Энэ жилийн хувьд хөтөлбөрийн дагуу онолын хичээл дуусаж байгаа бөгөөд тун удахгүй цэргийн хээрийн бэлтгэлд гарах гэж байна.

Жил бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн оролцогчидтой Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр сайд нар ШУТИС, МУИС, МУБИС гэсэн гурван сургуульд зочилж  сурч байх хугацаандаа цэргийн алба хааж буй залуустай уулзан санал хүсэлтийг нь сонсож, тодорхой асуудлыг шийдвэрлэлээ.

May be an image of 10 people

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд “Монголын шилдэг мянга, мянган оюутнаас өөрсдийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад орж тэнцэн цэргийн албанд элссэн залуусынхаа цэргийн хөтөлбөрт сургалтын үйл явц хийгээд төгсгөлийн үр дүнтэй нь Боловсролын сайд бид хоёр жил бүр танилцдаг. “Оюутан цэрэг” хөтөлбөр бол ирээдүйд манай нийгмийг авч явах манлайлагч залуусын эрэлтэд тулгуурласан хууль эрхзүйгээр баталгаажсан нийгмийн захиалгатай төрийн бодлого. Нөгөө талаар, чухал алба юм.

Монгол эр хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Харин энэ албанд сонгон шалгаруулалтаар тэнцэж, суралцах дөрвөн жилийн хугацаандаа зардалгүй, хугацаа алдахгүй, зөвхөн оролцоогоо ханган богино хугацаанд хаах боломжийг энэ хөтөлбөр олгодог.

Тиймээс боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай. Та нар бол шилдгүүд. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндээ бүрэн хянуулж, богино хугацаанд маш өндөр хариуцлага, дэглэмтэй цэргийн бэлтгэлд хамрагдан амьдрал, айл өрхийн тэргүүн, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх болно. Тийм учраас битгий оромдоорой, албаа нэр төр, сахилга баттай хаагаарай. Сургуулиа төгсөөд нийгмийн бүхий л салбарт ажиллах өргөн боломж та бүхний өмнө нээгдэнэ. Гагцхүү өндөр сахилга бат, идэвх л хэрэгтэй.” хэмээлээ.

May be an image of 2 people and text

Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийт 8000 орчим оюутан хамрагдан цэргийн алба хаасан гэдгийг дурьдаад тэдний дунд мөшгих судалгаа хийхэд ихэнх нь төрийн алба болоод хувийн хэвшлийн салбарт сахилга бат, зөөлөн ур чадварыг эзэмшсэн манлайлагчид болсон байсныг онцлов.

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн байгууллагууд цэргийн алба алба хаасан залуусыг ажлын байранд авах сонирхол нэмэгджээ. Учир нь цэргийн алба хаасан залуус хувь хүний төлөвшил, хариуцлага, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадвараараа цэргийн алба огт хаагаагүй залуусаас илүү бэлтгэгдсэн байдаг байна.

Л.Энх-Амгалан сайд үргэлжлүүлэн “Өмнө нь хүсэлт гаргасан 10 оюутан тутмын нэг нь оюутан цэрэгт хамрагддаг байсан бол И-Монгол платформоор элсэлтийн бүртгэлийг явуулснаар дөрвөн оюутан тутмын нэг нь хамрагдах боломжтой болсон. Засгийн газраас хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэх бодлого баримталж буй бөгөөд энэ тоог жилд 1500-д хүргэнэ. И-Монгол платформд зөвхөн оюутанд зориулсан цэстэй болсон. Тухайн цэснээс оюутнууд хүссэн бүх төрийн үйлчилгээгээ авах боломж нээгдсэн. Хүнд сэтгэл, оюун, биеийн гэсэн гурван тамир хэрэгтэй. Энэ гурван тамирыг “Оюутан цэрэг” хөтөлбөр та бүхэнд олгож байна” хэмээгээд цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Үүний дараа оюутнууд сонирхсон асуултаа асуусан юм.

May be an image of 2 people and text

Тухайлбал, “Ач” АУИС-ийн оюутан Б.Буяннэмэх “Оюутан цэргийн тоог нэммээр байна” гэсэн хүсэлт тавьсан бол ШУТИС-ийн оюутан Л.Жавхлан “Хэдий дүнгийн голч 2.8 гэсэн шаардлага тавьсан ч тэнцүүлэхдээ 3.0-аас дээш голчтой хүүхдүүдийг тэнцүүлж байна. Суурь шалгуур шангасан оюутан бүрийг хамруулж өгөөч. Түүнчлэн, энэ жил парламентын сонгууль болно. Бид цэргийн бэлтгэлд гарсан байх тул сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ” гэсэн асуулт тавилаа.

May be an image of 3 people and text

Түүний асуултад Г.Сайханбаяр сайд “Засгийн газраас оюутан цэрэгт хамрагдах залуусын тоог жилд 1500-аас буулгахгүй байх чиглэл өгсөн. Миний хувьд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй залуусынхаа санал хүсэлтийг сонсож явахдаа тоог нь улам бүр нэмэх ямар боломж байгаа эсэхийг судалж явсан. Сургалтын байр, сургалтын материаллаг бааз боломжгүй гэдгийг илэрхийлж байсан. Бид бол тоог нь нэмэх байр суурьтаа хатуу зогсоно. Гэхдээ сонгон шалгаруулалтынхаа шалгуурыг сулруулахгүй. Бид цахимаар хүсэлт илгээсэн оюутан бүрийн хүсэлтийг эрэмбэлж тэр дагуу тэнцүүлсэн” гэв. Мөн сонгуульд санал өгөх эрхийг хэрхэн эдлүүлэх эсэх тухай асуултад “Сонгууль өгнө. Сонгох эрхийг нь эдлүүлнэ. Тухайн үед хээрийн бэлтгэлд гарсан байх учраас тэндээ тойрогтоо сонгууль өгнө гэж ойлгож болно” гэлээ.

May be an image of 3 people and text

Мөн залуус хөтөлбөрт хамрагдахын өмнө 144 мянган төгрөгийн үнэтэй эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан ч цэргийн бэлтгэлд гарахын өмнө дахин уг төлбөрт шинжилгээнд хамруулах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уг хүсэлтийг хүлээн авч, хоёр дахь шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар газар дээр нь шийдвэрлэв.

Иргэд, оюутан залуус энэхүү хөтөлбөрийн оролцогчдын тоог нэмэх хүсэлтийг жил бүр тавьдаг бөгөөд Засгийн газрын түвшинд анхаарч боломжит хэмжээнд тоог нэмсээр ирсэн байна. Тодруулбал, 2022 онд 490, 2023 онд 1500, энэ жил буюу 2024 онд 1088 залуу сонгон шалгаруулалтад тэнцэж цэргийн албаа хааж байна. Шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаж дуусаад хоёр сарын турш хээрийн бэлтгэлд гарна.