ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СӨБ-ын 100 багшийг “Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэжээ

O.Admin
2024-05-24

Соёлын яам нь Соёлын тухай хуулийн, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг боловсруулан соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын цогц чадамжийг бага наснаас нь хүүхдэд олгох, төлөвшүүлэхэд сургуулийн өмнөх боловсрол чухал бөгөөд салбар дундын зохицуулалтын хүрээнд 2024 онд Сургуулийн өмнөх боловсролын багш, хэрэглэгчдэд соёлын боловсрол олгох чиглэлээр БШУЯ-тай хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Соёлын боловсролыг албан болон албан бус боловсролын системээр дамжуулан хүний насны үечлэлд тохирсон сургалтын хөтөлбөрөөр дамжуулан олгохоор ажиллаж байгаа ба энэ хүрээнд албан боловсролын хамгийн эхний шат буюу 21 аймаг, нийслэлийн СӨБ-ын 100 багшийг “Соёлын боловсролын сургагч багш”-аар анхан шатанд бэлтгэлээ. Сургалтад СӨБ-ын мэргэжилтэн, арга зүйч, бүлгийн багш, дуу хөгжмийн багш нар хамрагдав.

Сургалтаар соёлын тухай ойлголт, соёл гэгээрлийн бодлого, олон улсын чиг хандлага, үндэсний үнэт зүйлийг төлөвшүүлэхэд соёлын боловсролын гүйцэтгэж буй үүрэгтэй танилцаж, эх хэл, бичиг, утга зохиол, ном хэвлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, дуу хөгжим, бүжиг, дүрслэх, дизайн, тайзны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг шинжлэх ухааны онолын мэдлэг, ойлголтыг авч, театрын сурган хүмүүжүүлэх болон оролцооны арга зүйгээс суралцсан.

Сургалт зохион байгуулахаас гадна СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, СӨБ-ын багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх боломж, багшийг үе шаттайгаар сургах зэрэг олон асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.