Буриад түмний соёлын өв уламжлал зан заншлыг хадгалан өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулахаар товлож бэлтгэл ажилдаа ороод байгаа.
Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж урьдчилсан дүн гараад байгаа юм. Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар болсон. Өнөөдөр “Он & Офф” продакшны захирал С.Ононбат наадмын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын сценари, төлөвлөгөөгөө ажлын хэсэгт танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол-Буриадын урлаг соёлын алдарт 70 гаруй уран бүтээлчид ирж оролцох бөгөөд “Хангарьд чуулга”, “Чингис хаан”, “ Харанга” хамтлаг, Монголын рок попын алдарт дуучид ирж оролцох юм.