Чунцин хотоос Түвдийн Лхаса хотыг чиглэн ниссэн БНХАУ-ын иргэний агаарын тээврийн компанийн 3U8633 дугаартай нисэх онгоцны нисгэгчдийн бүхээгний баруун талын цонхны шинэ хагарсны улмаас Сычуань мужийн төв Чөнду хотод ослын буулт хийжээ.
Буулт хийх үед хагарсан цонхны талд сууж явсан туслах нисгэгчийн толгой гэмтсэнээс гадна мөн хоёр зорчигч, нисэх багийн нэг ажилтан хөнгөн гэмтсэн байна.
Онгоцны ахлах нисгэгч нь 20 жилийн туршлагатай хүн байсан бөгөөд 20 минутын дотор онгоцыг Чөнду хотын олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардуулж чадсан аж.
Тухайн үед онгоцонд 119 зорчигч, нисэх багийн есөн ажилтан зорчиж явсан байна. Онгоцыг газардсаны дараа 29 зорчигч эмнэлэгт хүргэгджээ. Онгоцны бүхээгний шил ямар шалтгааны улмаас хагарсан нь тодорхойгүй байна. Гэхдээ албаныхан цонхны шил хуучирч муудсан, эсвэл эрэг боолт нь суларсан эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.