Хугацаат цэргийн алба, цэрэг халалт, татлагын ажлын зохион байгуулалтыг сайжруулах тухай Батлан хамгаалах сайдын албан даалгавар гарчээ.
Тус албан даалгаварт
- Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх;
- Сургалтын материаллаг баазыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх;
-Алба хаагчийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх.;
- Цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;
- Иргэдийг хугацаат цэргийн албанд татахдаа батлагдсан төсөв, хуваарийн дагуу нийгмийн тэгш байдлыг хангах;
- Цэрэг татлагаар орж байгаа иргэнд үйлчлэх хүн цагийг тооцох, цэрэг халалт, татлагын үеэр аюулгүй байдал, эрүүл ахуйг мөрдөх;
- Цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд алба хаах нөхцөлийг сайжруулж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг оновчтой нэвтрүүлэн камержуулалтын нэгдсэн систем хөгжүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
- Батлан хамгаалах салбарын цэргийн үүрэгтний нэгдсэн мэдээллийн системийг бий болгох;
- Хугацаат цэргийн алба хаагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлж, хүний хөгжилд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний сэтгэл зүйг байнга судалж, алба хаах орчин нөхцөлийг сайжруулж "Эцэг эхийн өдөр"-ийг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах;
- Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн нэгдсэн сан байгуулж, өвчлөлийн судалгаа гарган, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах ;
- Цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгийн бүрэлдэхүүнд халдварт өвчний төрөлжсөн мэргэжлийн эмчийг оруулан сургалт зохион байгуулж, үр дүнг тооцож, ажлын хариуцлагыг сайжруулах;
- Дүүргүүдийн цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгт Цэргийн төв эмнэлгээс ахлах эсвэл тэргүүлэх зэргийн эмчийг зөвлөх үүрэгтэйгээр томилох,
- Үзлэгээр тэнцсэн иргэн алба хаах хугацаандаа суурь өвчний улмаас эрүүл мэндийн эрсдэл үүсвэл үзлэгт тэнцүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох;
- Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, холбогдох албан тушаалтныг сургалтад хамруулж бэлэн байдлыг хангаж ажиллахыг БХЯ, ЗХЖШ, нийслэл дүүрэг, аймгийн Цэргийн штаб, Цэргийн төв эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудад даалгаад байна.