ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын Жанжакоу хотын төлөөлөгчидтэй санал солилцлоо

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын орлогч А.Амартүвшин нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож байгаа энэ өдөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж буйгаа онцоллоо.

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Улмаар талууд сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой талаар ярилцав.  Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад ухаалаг гэрлэн дохио, ухаалаг авто замын зогсоолыг сүүлийн үеийн технологиор нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.

Ташрамд, Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан.

Уулзалтын төгсгөлд Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, хоёр хот хамтарч ажиллах тухай эрмэлзлийн бичгийг гардуулав.