Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тэргүүтэй төр, засгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Бавариа мужийн Хууль зүйн сайдтай албан уулзалт хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир болон албаны бусад төлөөлөгч багтсан ба тус мужийн иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцаж, эрх зүйн зохицуулалтын талаар туршлага солилцсон.
Түүнчлэн Бавариа мужийн анхан болон давж заалдах шатны шүүх дэх иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, үл хөдлөх албадан дуудлага худалдааны процесс болон шийдвэр гүйцэтгэгчдийг хэрхэн бэлтгэдэг талаар Шүүхийн академиас танилцуулга мэдээлэл хүргэлээ.
Ажлын айлчлал нь Монгол Улс дахь иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удаашралтай байдлыг арилгах, шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, иргэний эрх зүйн шударга байдал /civil justice/, бизнесийн таатай орчны гол хүчин зүйл болох гэрээний хэрэгжилт /contract enforcement/-ийн биелэлтэд бодлогын түвшинд ахиц гаргахад чухал ач холбогдолтой болсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлээ.