ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Адуун соёлыг дагалдаж яригдах төрд дуулгах гурван асуудал

O.Admin
1 өдрийн өмнө

Нэр байтугай, зүсийг нь ч хараагүй УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэй өнөөдөр уяач нарын асуудлаар мэдээлэл хийв. Мэдээж зөв зүйлийг хөндөж байна билээ, тэр эмэгтэй. Гэхдээ олны анхаарал татсан сэдэв гарч ирэхээр од болохыг хичээдэг манай улстөрчдийн тогтсон хэв маяг, жишгээр тэр эмэгтэй ч тооцоо судалгаагүй, хэн нэгний явуулгаар гарч ирээд зогсож буй нь илт.

Эмэгтэй улстөрчийн ярьж буй хүүхдийн эрх бол нэн тэргүүний асуудал гэдэгт хэн ч маргаагүй. Хэн ч хөхөө өвлийн хүйтнээр харц ардын хүүхдийг хамгаалалтгүй мордуулж, хацрыг нь хайрагдтал 20 километр газар давхиулах тухай яриагүй билээ. Гагцхүү уламжлал өв соёлоо хадгалахын хажуугаар уналга, стандартаа ярьцгаая гэсэн сэдэв дээр од болохыг хүссэн ч эрхэм гишүүн харамсалтай нь уламжлалаа үгүйсгэсэн олон буруу зүйл ярьж буй нь анхаарал татлаа. Монголын морин уралдаан 17 жилийн түүхтэй зүйл огт биш гэдгээс л түүний яриа буруудаж эхэлнэ.

Монгол морь, хүн хоёр Их эзэн Чингис хааны үеэс байтугай түүнээс ч өмнө хамтдаа явж ирсэн. Монгол хүн морио уралдуулж, уухайн дуугаа түрж, уянгалаг гийнгоонд нь баясаж, тэндээсээ эрч хүч, энерги, цэнгэл жаргал авдаг бидний ондоошил нэн эртнээс улбаатай. Уламжлалт сар шинийн өдөр, энх улиралтай мэнд золгосны баяраа хийхдээ ч монголчууд хүлэг морио уралдуулж, хүүхэд багачуудаа барилдуулж, цэц мэргэнээ сорьж ирсэн үүх түүхтэй улс. Угтаа өвөл, хавар, зуны морин уралдаан өөрөө 17-хон жилийн түүхтэй гэдэг бол дэндүү өрөөсгөл, гутаан доромжилсон үйлдэл байлаа. Гуу жалга, дов сондуулд тархан суудаг цөөхөн монголчууд уралдаан, наадам хийхдээ уулзан золгож, морь нь хөдөө нутагт байгаа учраас хөдөөдөө дурлаж, нүүдэллэж ирснийг энэ эмэгтэй мэдэхгүй юу, мэдсэн ч мэдэн будлив уу. Хэрвээ үнэхээр л морь, уяачийн асуудлыг тэр индрээс ярьж, төрийн бодлогын хэмжээнд асуудлыг ярих гэж байгаа бол эрхэм улстөрчдөд хэлэх, дуулгах хэд, хэдэн саналыг энд онцлохыг хүслээ.

Өв соёл хийгээд эгэл малчдын эрх ашгийг хэрхэх вэ

Монголын морин спорт дахин давтагдахгүй арвин их өв соёлыг багтаадаг. Улс бүс, аймаг, сумын наадамдаа гурван хурдан хүлгээс 30 гаруй хурдан хүлэгтэй уяач нар эрэмбээрээ ялгаран хэдэн зуун хүлгээ сойдог. Тэр болгонд уяач нар гал болж бэлтгэлээ хангахын тулд гэр барина, дагаад эсгий, туурга, дээвэр хаалга тооно гээд олон олон монгол өв соёлыг дэлхийд сурталчилдаг. Монгол хүн л монгол адуундаа алд цэнхэр хадгаа уяж, Монголын уран дархчууд хусуур, ногт, чөдөр, ташуур, амгай, зуузай, эмээл, хазаар, дөрөө гээд олон гайхалтай, дахин давтагдахгүй бүтээлүүдийг урлаж иржээ.

Тэр хэрээрээ бид өв уламжлалаа тээж, өвлүүлэн түгээдэг, өртөөчлөн сурталчилдаг жамтай. Уяач, унаач хүүхдийн дээл хувцас, малгай бүс тэргүүтнийг урлаж буй оёдолчид ч өв соёлыг бүтээж байгаа. Гэвч тэд сүүлийн жилүүдэд мөн л өмнөд хөршийн Өвөрмонгол руу явж ажил хийх болжээ. Хөдөөд мал дагасан залуусыг морь торгоож буй нь худлаа биш.

Гэвч энэ бүхнийг соц нийгмийн үе шиг шууд хааж боогоод ирэхээр тэд хэдэн малаа тушаагаад халтуур хийх жижиг машин болгоод хотод бүгэхээр ирж буй нь нууц биш шүү дээ. Нөгөөтээгүүр, Монгол Улс л дэлхийд хурдан хүлэг мориндоо алд цэнхэр хадаг уяж, хөлсийг нь хусаж, унасан хүүхэд, уясан эзэнд цол хүртээдэг байсан бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы уяач нар саяхнаас цол чимэг авч эхэлжээ.

Хүлэг мориндоо хадаг уяж, хүүхдийн гийнгоог эндээс хүүхдүүд авч яваад цалинжуулангаа залуу үедээ зааж, сургаж байна, тэд. Төд удахгүй гийнгоо бол бидний өмч юм аа, цол чимэг бол манайхны сэдсэн ажил гээд “Юнеско”-д бүртгүүлчихвэл гайхах зүйл алга. Тэд уламжлалт сар шинийн баярыг маань “Хятадын уламжлалт баяр” хэмээн бүртгүүлэхээр хөөцөлдөж буй нь худлаа биш шүү дээ.

Тэгвэл энэ бүхнийг яагаад хэвлэлийн хурал хийхдээ хөндсөнгүй вэ, эрхэм гишүүн ээ. Биднээс алсарч буй өв соёлын асуудлыг яагаад төрийн бодлогын хэмжээнд ярихгүй байна вэ. Энд ямар эрх ашиг нуугдав.

200 морь уралдахад 200 саяын ашиг зөвхөн Монголд үлддэг

Өмнө хэлсэнчлэн, уяач гэхээр л тэрбумын хөрөнгөтэй томчууд гэж хардаг, гадуурхсан хандлагаа УИХ-ын түвшинд хууль боловсруулж суугаа хүн ярина гэдэг улстөрч хүний гаргаж боломгүй увайгүй үйлдэл байв. Уяач нар яаж улстөрчдөд нөлөөлснийг ч энэ хүн баримттай ярих нь зөв биз ээ. Төв талбайд цугласан тэдгээр залуус дунд лавтай тэрбумын ланд унаж, хэдэн зуун саяар гоёл, зүүсгэл зүүсэн хүн харагдаагүй. Уяач нар олон янз.

Монгол орны 360 сум, 21 аймагт уяач нар байдаг. Тэд гурван морио ч уралдуулдаг, ганц даагаа ч уяж тэндээсээ сэтгэлийн цэнгэл эдэлдэг нь олон бий. Эсрэгээрээ улсын том цолонд хүрч, олон айраг түрүү авч, уяач залууст үлгэр дуурайлал болж яваа хөрөнгөтэй, бэлтэй уяач нар ч бий. Сайн дотор саар хэд ч бас бийг хэн ч үгүйсгэхгүй. Тэд гэхдээ олсон таван төгрөгөө  эх орондоо үлдээж буй. Гал болж олон зуун залуусыг ажлын байраар хангана, залуу уяач нарыг бэлтгэнэ. Гал тасалж өгөөд гаргана, гэр төхөөрч өгөөд амьдралд хөл алхахад нь туслах мянга, мянган хүнлэг монгол эрс морьтой хамт яваа.

Нарантуул захаас унаач хүүхдийн уналгын хувцас, хэрэглэл, хурдан морины бусад эдлэл хэрэгслийг худалдаж авахад л тэнд олон зуун бизнес эрхлэгч нар хоолоо олж идэж байдаг. Гэтэл жилийн бусад улиралд хориод дан ганц наадмаар уралдуулаад байх хэрээр морь, наадам дагасан олон бизнес эрхлэгч нар дампуурч буй нь худлаа биш билээ. Хурдан морины уралдааныг дагаад морь малын тэжээл, өвсний бизнес хүртэл явж байдаг. Уяач нарын галд ажиллаж, амьдралаа залгуулдаг охид, залуусын цалин хөлс гэх мэтээр нэрлээд байвал олон зүйлийг бичиж болно. Энэ бүхнийг тэгвэл яагаад орхиж байна вэ.

Улс, бүсийн наадмуудыг дагаад аялал жуулчлал хөгжиж, орон нутгийн иргэдийн бизнес ч хөгжиж цэцэглэж байдаг жамтай. Тэр бүхний тухай яагаад ярихгүй байна вэ. Нэг удаагийн томхон наадамд 200 морь уралдахад дагаж орж ирдэг ашиг нь 100-300 саяар яригдаж байгаа нь өөрөө дотоодын эдийн засагт оруулж буй томхон хувь нэмэр мөнөөс мөн. Тэд улстөрчид шиг улсаа тоносонгүй, хулгай луйвар хийж, жирийн ардынхаа мөнгөнөөс хумсалсангүй. Төрөөс тендер хулгайлж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсангүй. Гагцхүү буянт малынхаа үр шимийг хүртэж өв тээж, өв соёлоо сурталчилж, хөдөөгийн буйдхан амьдралд хүлэг мориныхоо шандасыг харж баясаж суугаа хүмүүс.

Хаах тусмаа хориотой уралдаан хийгээд эхлэх вий

Ерөөс аливаа зүйлийг хааж боох тусмаа л асуудал үүсгэдэг. Ковидын хөл хорионы үед архи хориглоход дагаад хууль бус архины наймаа цэцэглэсэн. Үйлчилгээний газруудыг хориход ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл өссөн. Архи зардаггүй өдөр гэж тогтооход яг тэр өдөр архидалт нэмэгддэг гэх мэтээр олон сөрөг талтай.

Монголд “Морин спорт, уяачдын холбоо” гэж байгуулагдаж, нийт уяачдаа нэг малгайн дор зангилахаас өмнө аймаг, сум, баг дотроо уралдуулж л байсан. Тэнд л жинхэнэ эрхэм гишүүний ярьж буй хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байлаа. Тэгвэл нэгдсэн холбоотой болж, өвөл, хавар, зуны морин уралдааныг нэгдсэн байдлаар хийх болсноор унаач хүүхдүүд илүү стандарт, аюулгүй байдлын хувцастай, хатуу хяналт, хамгаалалт дор уралдах болсон.

Монгол морь өөрөө хамгийн ихдээ 250 кг жин хүрдэг. Эрлийзээс шал ангид. Нийт жингийн 10 хувьд ачаалал өгч байж морь хурдалдаг талаар уяач нар ярьдаг юм билээ. Тэр утгаараа 20-25 кг жинтэй том хүн гэж байхгүй учраас хүүхэд унаж уралддаг гэсэн үг. Тэгэхээр цаашдаа “уралдуулахгүй ээ” гэж хорих тусмаа жалга, довондоо хууль бус уралдаан хийгээд эхэлвэл хэн хянах вэ. Нөгөөх хүүхдийн эрх чинь тэнд жинхэнэ утгаараа зөрчигдөж эхэлнэ. Тиймээс холбоондоо харьяалагдаад, хавар, намрын улиралдаа стандарт дүрэм журмаа мөрдөөд уралдахад тийм их улс орны эрх ашиг яригдахгүй байх гэж сэтгээд байгаа юм.

Хүүхдүүдээ стандартын хувцастай болгох, аюулгүй байдлыг хянах гэх мэтээр гарц гаргалгааг яагаад ярихгүй байна вэ. Монгол хүүхдүүд морь унахаараа боолын хөдөлмөр эрхэлж байна гэдэг ийм гутаан доромжилсон зүйл яриад зогсоно гэдэг ямар хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ харуулж буй үйлдэл билээ. Ерөөс өнөөдөр эрийн гурван наадмаа ч монголчууд зөв хийж чадахаа больсон. Төрийн гурван наадмаар бөхчүүдээ асар томоор байлдаг атлаа уяач, харваач хоёр л бодлогын гадна үлддэг. Нутгийн зөвлөл нь бөхөө л байлахаас тэр уяачийг, энэ харваачийг шагналаа гэж дуулдаж байгаагүй.

Монголчууд үнэхээр л хүлэг морио дээдэлдэг юм бол ядахдаа Их Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр морин парад хийж, монгол мориор дэлхийг эзэлж байсан түүхийг нь яагаад сурталчилж болдоггүй хэрэг вэ. Морин поло уралдаан гэх мэтээр уралдаан, наадмаа яагаад мэргэжлийн болгож чадахгүй байна вэ. Энд ердөө муусайн баячууд, хөрөнгө үрж ядсан тэрбумтан гэсэн ялгаварлан гадуурхалт явж буй нь худлаа биш билээ. Нэгэнт л морины тухай, түүнийг уралдуулах, уралдуулахгүйн тухай яриа хөндөгдсөн энэ цагт энэ бүхнийг ч бид сөхөж ярих, төрд хүргэж, дуулгах цаг нь болжээ.