ЦЕГ-ын Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олныг хүлээн авч уулзаж мэдээлэл солилцлоо. 2021 онд ЗГ-ын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд "Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг" байгуулагдаж, энэ онд ЦЕГ-ын даргын тушаалаар "Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг" болгон өргөжсөн. Үүний үр дүнд тус тасгийн үйл ажиллагааны чиглэл илүү нарийвчлалтай тодорхойлогдож, хэрэгжүүлж буй арга хэмжээ өргөжжээ.
Тухайлбал сүүлийн гурван жилийн хугацаанд тус тасгаас соёлын өвийн эсрэг 69 гэмт хэргийг мөрдөн шалгаж, үүнээс 28 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох этгээдүүдийг яллагдагчаар татан шалгажээ. Мөн 15 хэргийг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн байна.
Эдгээр ажиллагааны хүрээнд 3539 ширхэг соёлын биет өвийг хураан авч, 1190 ширхэг эд өлгийн зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу ССАЖЗЯ-нд хүлээлгэн өгсөн. Хураагдсан эд өлгийн зүйлсийн нэг хэсгийг олон нийтэд сурталчлах, соёлын өвийг хамгаалах ач холбогдлыг таниулах зорилгоор Чингис хаан Үндэсний музейд "Аврагдсан өв" нэртэй тусгай үзэсгэлэн гаргасан удаатай.
Түүнчлэн сүм хийдүүдийг камержуулах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд сүм хийдээс соёлын өв хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээгүй талаар мэдээллээ. Мөн уулзалтаар соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн шинжээчдийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг асуудлаар санал солилцов.
Соёлын өвийн гэмт хэргийн улмаас учрах хохирол нь зөвхөн нэг хүн, байгууллага бус улс үндэстэн, цаашлаад хүн төрөлхтөн нийтээрээ хохирох хэмжээний үр дагавартай байдаг. Иймд соёлын өвийг хамгаалах, гэмт хэргийн эсрэг тэмцлийг улам эрчимжүүлэх шаардлагатай.