ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

O.Admin
2025-02-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм.

Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.

Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.

Тэр бээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ.

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.