Умард Солонгос АНУ-БНСУ-ын хамтарсан агаарын цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр болохоор төлөвлөгдсөн хоёр Солонгосын ээлжит дээд хэмжээний уулзалтаа цуцалж буйгаа мэдэгдлээ.
Түүнчлэн, АНУ-ын талд “АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын талаар ч дахин бодож үзэх хэрэгтэй” хэмээн сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа юм. Гэвч, дээрх цэргийн сургуулилтын улмаас эл уулзалт ч цуцлагдаж магадгүй болжээ. Солонгосын хойгт АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт жил бүр зохион байгуулагддаг. Харин БНАСАУ тус сургуулилтыг өдөөн хатгалга хэмээн үздэг билээ.