"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" гала тоглолт болно

O.Admin
1 өдрийн өмнө

Спортын хүч чадлыг бүжиг, жүжиг, атлетик, хөгжим, гэрэл, физикийн элиментүүдтэй хослуулан мөсөн дээр тэшүүрээр ганцаараа болон хосоороо үсрэлт, харайлт, эргэлт, өргөлт цаашлаад нарийн эрсдэлтэй хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэдэг биеийн тамирын онцгой нэгэн төрөл бол уран гулгалтын спорт билээ. 

Уран гулгалт бол урлаг, спортын хослол юм. Өвлийн олимпын албан ёсны төрлүүдийн нэг болох уран гулгалт нь хамгийн гоёмсог үзүүлбэр бүхий хамгийн үзэсгэлэнтэй спортын төрөл яах аргагүй мөн. Үзэгчдийг алмайруулж гайхшруулан нүд, сэтгэл баясгадаг уран тансаг үзүүлбэрүүд нь тамирчдын асар өндөр ачаалал, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, урт хугацааны сургуулилалтын үр дүн байдаг. Тэгвэл ирэх тавдугаар сарын 24, 25-ны өдөр дэлхийн уран гулгалтын оддын гала тоглолт "Степп Арена"-гийн мөсөн тайзнаа тоглогдох талаар өнөөдөр тус тоглолтыг зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

"Монгол Улсад олон улсын стандарт шаардлагад нийцсэн ринк буюу мөсөн талбайтай битүү дээвэр бүхий мөсөн ордон нээгдсэнээр уран гулгалтаар хүүхэд залуус сонирхон хичээллэх болж уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж байгаа. Тэгвэл тун удахгүй монголчууд мөсөн дээрх спортын түүхийн шинэ хуудсыг хамтдаа бичилцэх гэж байна" хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчийн нэгээр ажиллаж буй "Монгол циркийн хөгжил" ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ хэлэхдээ "Энэ удаагийн тоглолтод 13 шилдэг тамирчин ирнэ. Монгол, ОХУ, Беларусь, Гүрж гэсэн улс орнуудын тамирчид ирэх юм. Эдгээр тамирчид өөрийнхөө улсын тэмцээнээс авсан медалийг нь тоолохгүйгээр олимп, дэлхий, европын аваргын тэмцээнээс авсан медаль нь гэхэд алт 29, мөнгө найм, хүрэл тав байна. Дэлхийд нэр цуугаараа алдаршсан Е.Медведива буюу Олимпын наадмын хос мөнгөн медальтан ирнэ. Уран гулгалтын спортыг шимтэн сонирхдог хүмүүсийн шүтээн, Олимпын аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга Аликсей Ягудин ирэх нь ээ. 

Мөн олимп, дэлхийн аварга София Самодураво тэргүүтэй нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид үзэгчид биднийг байлдан дагуулж, гайхан бишрүүлэхээр Монгол Улсын маань мөсөн дэвжээнд хүрэлцэн ирэх гэж байна. Мөн энэ спортыг таниулах үүднээс бид Монголынхоо артистуудтай хамтран ажиллаж байгаа. "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун Е.Медведиватай хамтран үзүүлбэр үзүүлнэ. Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваа маань хосын төрлийн уран гулгагч нартаа үзүүлбэрээ үзүүлнэ" гэлээ.

Тэгвэл "Степпе Арена"-гийн менежер н.Санчир "Манайд уран гулгалтын бүтэн тоглолт ирж байгаа гуравдахь тоглолт болж байна. 

-Эхнийх маань 2023 оны нэгдүгээр сард Япон, Монголын хамтарсан "Тал нутгийн мөсөн шоу" нэртэйгээр зохион байгуулагдсан. 

-Хоёрдахь нь 2023 оны тавдугаар сард ОХУ-ын шилдэг, шигшээ багийн тамирчдын оролцсон "Уран гулгалтын одод Монголд" нэртэйгээр зохион байгуулагдсан. 

-Гуравдахь нь ирэх тавдугаар сарын 24, 25-нд зохион байгуулагдах нь ээ.

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд"  шоу тоглолт 15:00, 19:00 цагаас "Steppe Arena-Мөсөн ордон"д зохион байгуудагдана. Тасалбарыг Ticket.mn  сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой. Лавлах утасны дугаар: 9898-5959" гэлээ.