"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны долдугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд дөрвөн худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 63.2 ам.доллароос эхлэн дуудаж 70.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний долоон сарын байдлаар 29 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 135.3 сая ам.долларын үнэлгээтэй 1.96 сая тонн нүүрс биржээр борлуулаад байна.
Нүүрсний зах зээл уналттай энэ цаг үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэх, нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулахаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг ажиллаж байна.