ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван жилийн хугацаанд сая гаруй цахилгаан хэрэглэгчийг ухаалаг тоолуураар хангана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Эрчим хүчний хараат байдлаас гарах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, жилээс жилд хуучирч элэгдэж буй цахилгааны шугам сүлжээг шинэчлэх гээд олон толгойн өвчин дунд шүүмжлэл, зэмлэлийн дундуур явж буй эрчим хүчний салбарынхан хэрэглэгчдээ найдвартай цахилгаанаар хангах, эрчим хүчээ хязгаарлахгүй байх, гомдол санал бүрт хамгийн оновчтой шийдэл эрж хайхаар цаг наргүй ажиллаж байдаг нь худлаа биш.

Тэгвэл энэ салбарт эрж хайж, олж судалж, туршиж дадлагажиж байгаа олон ажлынх нь нэг болох цахилгааны ухаалаг тоолуурыг өрх бүрд суулгах төслийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нь 2023 оноос эхлэн хэрэгжүүлж, 2024 онд 130 мянга, 2025 онд 150 мянган хэрэглэгчид хүрч чадсан бол энэхүү төслийнхөө хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээр өнгөрөгч долоо хоногт салбар бүрийн төлөөлөлтэй “Эрчим хүчний зохицуулах хороо”-той хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тодруулбал, “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос санаачлан зохион байгуулсан “Ухаалаг тоолуурын шинэчлэл, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Дулааны үндэсний сүлжээ, УБЦТС, Нийслэл түгээх сүлжээ компани болон төслийг Монголд хэрэгжүүлэх ажилд хамтрахаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекстан улсад айлчлал хийх үеэр хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан тус улсын “Тошэлектроаппарат” ХХК болон төслийг Монголд амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй “Гэрэгэ системс” ХХК-ийн төлөөллүүд гээд 26 компанийн 100 гаруй төлөөлөгч нар санал бодлоо уралдуулав.

Нийслэлийн есөн дүүрэг, Төв аймгийн 16 сумын хэрэглэгч дунд хэрэгжсэн энэхүү төсөл цаашдаа хүрээгээ улам тэлж 2023-2028 оны хооронд 21 аймгийг хамрах бөгөөд үлдсэн 630 мянган тоолуурыг ухаалаг болгох том ажлын эхлэл ийнхүү тавигдлаа.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 974.311 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1.016.817 тоолуураар борлуулалт хийдэг бөгөөд төсөл хэрэгжиж эхэлсэн жил гаруйн хугацаанд дээр онцолсон есөн дүүрэг, Төв аймгийн 16 сумын 386.234 тоолуур буюу нийт хэрэглэгчдийн 38 хувийг ухаалаг тоолууртай болгосон бол 2028 он хүртэл энэ тоог 95 хувьд хүргэх зорилго тавьжээ.

Хэрэглэгч ухаалаг тоолууртай болсноор ямар үр дүн гарах вэ

Энэхүү асуултад “УБЦТС” ТӨХК-ийн Төслийн нэгжийн дарга Ч.Батбаяр хариулахдаа “Цахилгаан эрчим хүчний алдагдал буурснаар компани хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчлэх ажилдаа хөрөнгө зарцуулж эхэлнэ.

Ухаалаг тоолуур минут, цаг, өдрөөр мэдээллээ хадгалдаг. Ингэхээр хэрэглэгч мэдээллээ хянаад хаана, хэзээ, ямар үед цахилгааны хэрэглээ их байгаагаа мэдээд хэрэглээгээ зохицуулаад эхэлнэ. Хэрэглэгчдийн дунд байдаг тогны заалтыг нэмж бичлээ гэх гомдол санал байхгүй болно.

Хүн очиж хаалга тогшиж заалт бичихгүй шууд ухаалгаар хянагдаад явах учраас манайхаас авдаг үйлчилгээ үзүүлэх хугацаа богино болно. Нөгөөтээгүүр, автоматаар мэдээллийг нь авчихдаг учраас хэрэглэгч цахилгаанаа төлөөгүй байгаад тогоо таслуулсан ч төлбөрөө тэр даруйд нь төлчих юм бол заавал монтёр очихгүйгээр 5-15 минутын хугацаанд буцаагаад залгачихна гэсэн үг.

Төслийн хүрээнд “УБЦТС” компаниас эрчим хүч нийлүүлэх гэрээтэй бүх эрчим хүч хэрэглэгчдэд нэг удаа тоолуурыг үнэгүй суурилуулж өгнө. Мэдээж дараа гэмтэл гарч энэ нь хэрэглэгчийн буруу байвал худалдан авах, шинэ хэрэглэгчид үнэ хөлсөө төлөөд авах байдлаар зохицуулалт хийгээд явна. Тарифын зохицуулалт буюу шөнийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахад ч илүү хялбар ухаалаг болно” гэсэн хариулт өглөө.

Дата серверийг бүрдүүлэх эрхзүйн орчин дутагдалтай байна гэв

Орчин цагт ухаалаг систем салбар бүрт нэвтрэхийн хэрээр түүнийг дагалдан гарч буй сөрөг тал нь хакерын халдлага буюу хиймэл оюун ухааны аюулгүй байдал, дата серверийг аюулгүй хадгалах тухай асуудал байдаг.

Тэгвэл улсын хэмжээнд энэхүү төсөл хэрэгжсэнээр хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн аюулгүй хадгалах вэ гэдэг асуудал хөндөгдөнө гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Л.Дашмягмаржав онцлов. Тэрбээр, “Ухаалаг системийг нэвтрүүлэхэд аюулгүй байдлаа хангаж, бодлогоор нэг байгууллага зангидах нь зөв болов уу. Бодлогын түвшинд ямар байдлаар шийдвэл зүгээр талаар саналаа хэлээч.

Тухайлбал, Сингапурын гаалийн системийг би өөрөө очиж харж байсан. 24 цагийн үйл ажиллагаатай нэг том компани хянаад явдаг юм билээ. Тэнд бол дэлхийн өнцөг булан бүрээс хакер халдаж байгаа ч аюулгүй байдал нь маш сайн. Манайх яг ийм байдлаар хийх нь зөв.

21 аймаг, нийслэлээрээ хакерын халдлагад өртөөд тоггүй болчихвол яах вэ. Гэмтэл гарч, сүлжээ унтарвал хэрхэх вэ. Тиймээс Үндэсний дата төвүүд дээр эхлээд серверээ байршуулах нь зөв болов уу. Автомат ботууд өнөөдөр ч эрчим хүчний сүлжээ рүү өдөрт хэдэн арваараа л халддаг. Тиймээс нэг төв дээр байж болохгүй гээд байгаа юм.

Дарханы цахилгаан түгээх сүлжээнд нэг, Үндэсний дата төвд нэг, Мобикомын дата төвд нэг гэх мэтээр серверийг олон талд байршуулж, нэг рүү нь халдахад нөгөөхөөс нь удирдах байдлаар явбал зүгээр байх” гэсэн санал гаргав.

“Дарханы цахилгаан түгээх сүлжээ” компанийн удирдлага энэ бол маш зөв санал, дата төв үүсгэхэд бэлэн, асуудалгүй хэмээн онцолсон бол “Нийслэлийн түгээх сүлжээ” компани болон цахилгаанаар түгээх, зохицуулалтаар хангах есөн компанийг нэтгэсэн ТББ-ын тэргүүн Б.Нямбаяр “48.120 тоолуур буюу 48 мянга орчим цахилгаан хэрэглэгчийн асуудлыг бид хариуцаж ажилладаг. Эндээс 15.5 хувь нь ухаалаг тоолууртай болчихсон.

Үлдсэн 37 мянга орчим тоолуурыг ухаалаг болгох шаардлага бий. Үүнд 14 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Энэ саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглах талаар мөн санал гаргаж байгаа. Ухаалаг тоолуурын хөрөнгө оруулалт шийдэгдчихвэл эдгээр есөн компаниуд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан суурилуулалтыг хийхэд бэлэн. Серверийг компани болгон өөрсдөө түрээслээд явдаг юм.

Үндэсний дата төв хувийн компанийн мэдээллийг хадгалдаггүй юм билээ. Мобиком, Юнителээс бол серверийн үйлчилгээ авч үзсэн. Компани бүр жилдээ 100 сая төгрөг тушаана гэхээр хэцүү. Тэгэхээр нэгдсэн серверийн төв байгуулах байдлаар шийдэл гаргавал дэмжихэд бэлэн. Гурван өөр газар байрлуулах байдлаар аюулгүй байдлыг хангах ёстой гэдэгт санал нэг байна. Кибер аюулгүй байдлаас хамгаалах чиглэлээр манай компаниуд анхаарч, айтигийн компаниудтай хамтран ажиллаж байгаа” хэмээлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани өнөөдрийн байдлаар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өөрийн дата сервер дээр мэдээллээ байршуулж буй ч хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр олон сервер дээр байршуулах шаардлага тулгарна гэдгийг мөн хүлээн зөвшөөрлөө. Тэд олон улсын сертификаттай, ISO стандарт хангасан тоолуураар хэрэглэгчдээ хангасан бөгөөд мэдээллийн хийгээд сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чамгүй олон ажил хийснээ дуулгалаа. Ухаалаг тоолуурыг найман жилд нэг удаа баталгаажуулдаг юм байна.

Тэгвэл “Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат “Компани тус бүр тусдаа систем нэвтрүүлэхгүйгээр нэгдсэн байдлаар системтэй болсноор зардал багасна. Ашиглалт, лиценз, хөгжүүлэлтийн төлбөр буурна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани дээр нэгтгээд явчихвал зүгээр байх юм. Онцгой хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зайнаас удирдах системийг нэвтрүүлвэл мөн зүгээр байх. 24 цагийн “Шуурхай удирдлагын төв” бий болсноор хэрэглэгчийг хохироохгүй байх талаас ач холбогдолтой болов уу” гэсэн санал хэллээ.

“Бүх тоолуурыг нэгдсэн системд оруулж байж үр дүн гардаг”

Эрчим хүчний салбарт шинэчлэл өөрчлөлт авчрах, тэр хэрээр хариуцлага хяналт, үр дүн шаардах энэхүү ажилд үйлдвэрлэх, түгээх, дамжуулах компани бүр манлайлал үзүүлж, хууль эрхзүйн асуудал хийгээд бэрхшээл, тулгарч буй асуудлынхаа талаар нэгбүрчлэн саналаа хэлэх ёстойг

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун онцолж байлаа. Тэрбээр, “Энэ бол эрчим хүчний реформ буюу энэ салбар дараагийн түвшинд шилжиж буй асуудал. Тэр хэрээр компаниудын үүрэг хариуцлага нэмэгдэх ёстой. Хэрэглэгчийн захиалга хамгийн чухал болно. Эрчим хүчний хэрэглээ ухаалаг болсноор салбарын төлөвлөлт ч зөв болох учраас бид ач холбогдол өгөөд байгаа юм.

Эрчим хүчний реформ шууд хийгдэхгүй. Бэлтгэл туйлын чухал. Үүний нэг нь ухаалаг тоолуур гэж ойлго. Эрчим хүчний компани бүр саналаа ирүүлж, хамтран ажилламаар байна. Цахилгааны дараа дулааны тоолуурын асуудал яригдах нь тодорхой. Эхний ээлжинд нэг сая гаруй цахилгааны тоолуурыг солиход хэдий хэмжээний зардал гарахыг эцэслээд салбар яаманд танилцуулна.

Болж өгвөл гадны донор байгууллага, улс орны зээл тусламж татахаар ярих учраас ач холбогдол өндөр. Узбекстан улсын компани гэхэд хэрэглэгчээс эхлээд үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компани хүртлээ бүгдийг нь цогцоор нь шинэчилснээр эрчим хүчний салбарт бодит хэмнэлт гаргаж чадсан туршлагатай юм билээ. Тиймээс туршлагыг нь сонсмоор байна” гэлээ.

Узбекстан улсын “Тошэлектроаппарат” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Рахимов Бобир Саттарович хэлэхдээ “Бид “Korea Telecom” компанитай хамтран цахилгааны тоолуураа шинэчлэх ажлыг хийсэн. Нэг ч тоолуурыг үлдээгээгүй. Харьцангуй шинэ, дөнгөж тавьчихаад байсан өөр тоолуурыг ч үлдээхгүй шинэчилсэн. Үүнээс болж тухайн компаниуд 15 сая ам.долларын алдагдалд орсон ч улс орны нэгдсэн эрх ашгийн төлөө хоёр тал тохироод явахаас өөр аргагүй байсан. Эхэндээ гадны компанитай хамтран төслөө хэрэгжүүлсэн ч дараа нь системийн хяналтаа үндэсний компанидаа бүрэн шилжүүлж авсан байгаа.

Салбарын хууль эрхзүйн орчноо нэн тэргүүнд шинэчлээд явах нь чухал. Бид санхүүжилтээ Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкнаас татаж чадсан” гэсэн хариулт өглөө. Мөн энэ үеэр ухаалаг тоолуурын талаарх хэрэглэгчээс ирдэг гомдол саналын асуудлыг Э.Түвшинчулуун дарга онцолсон бөгөөд “Ухаалаг тоолуурыг ашиглаад цахилгаан таслаад эхэлсэн. Тоолуураар хязгаарлаж байна. Эргээд залгахад маш их хугацаа алдагдсан” гэх гомдол саналууд 11 11 төвд ихээр ирж байсан учраас энэ мэт зөрчлийг арилгах, хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангаж явахыг сануулав.  

Эрчим хүчний тарифын нэмэгдлийн 500 тэрбумаар юу хийсэн бэ

“Эрчим хүчний үнийн өсөлтөөс орж ирсэн мөнгө хаашаа алга болов, хаана очив” гэх асуудал сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний тарифын нэмэгдлээс орж ирсэн 500 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга боллоо. Шинэчлэл өөрчлөлт хийж чадсангүй, хий дэмий үрчихлээ” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудалд “УБЦТС” ТӨХК-ийн албаны эх сурвалж “Хүчдэл унаж буй хэсгүүд рүү эрчим хүчний хүчдэл нэмэхэд зарцуулж буй. Зарим станцуудад гарсан эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээнд яаралтай байдлаар зарцуулах зэргээр энэ жилийн төсөв зарцуулагдаж байгаа ч ирэх жилээс шинэчлэл, техникийн зузаатгал зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн. Энэ жил аль болох цахилгаан, эрчим хүчээр хязгаарлахгүй байх бодлогыг Эрчим хүчний яам барьж байгаа” гэсэн хариулт өгөв.

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ “Нийгэмд ийм ташаа мэдээлэл явсан. Үүнийг залруулах нь зөв байх. 2024 оны арваннэгдүгээр сард цахилгаан эрчим хүчний тариф нэмэгдээд түүнээс хойш буюу 2025 оны төгсгөлөөр 546 тэрбум төгрөг орж ирэх ёстой.

Үүнээс 40 гаруй хувь нь эрчим хүчний салбарын ажиллагсадын цалин хангамж, 20 хувь нь нүүрсний уурхай, түүний тээвэрт, 20 хувь нь ОХУ-аас авч буй импортын үнийн төлбөр болон үнийн зөрүүд явах бол үлдсэн нь бүс нутгийн алдагдлыг нөхөх зорилгоор олгогдох юм.

Өнөөдрийн байдлаар энэ мөнгө бүтнээрээ орж ирээгүй. Эхний хагас жилийн байдлаар компаниудын блансыг нэгтгээд үзэхэд 274 тэрбумын орлого л орсон байгаа. Жилийн эцэст үлдсэн мөнгө орж ирэх юм. Үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах чиглэлээр бид ажил хийж байгаа. 2023 оноос хойш гэхэд л ухаалаг тоолуурын төсөл явж байна. Ажиллагсдын орон тоо, үйл ажиллагааны зардлыг хэмнэх зэрэг ажлууд явж байгаа” гэсэн хариулт өглөө.