ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн албанд автомашины парк шинэчлэл шаардлагатай”

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-10

Цагдаагийн албанд хэрэглэж байгаа, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүд­ийг танилцуулах үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр боллоо. Цонхыг нь битүү торлосон том автобуснаас эхлээд тусгай ажиллагаанд зориулан сум нэвтрэхгүй хуягласан жип, доторлож зассан чингэлэгтэй чиргүүл, явуулын гал тогоо, халуун шүршүүр, боловсон бие засах газрын шаардлага хангасан бүхээг гээд бүх төрлийн үйлчилгээнд ашиглах боломжтой тээврийн хэрэгслүүдийг эгнүүлэн тавьжээ. Өмнө нь хөдөлгөөнт эргүүлийн алаг тэргээр цагдаагийн машиныг төсөөлж байсан бид үнэндээ авто баазын албан хаагчдын шинийг сэдэж, тоноглосон автомашинуудыг хараад бишрэх сэтгэлээ нуугаагүй.  

Нийслэл хотод хөдөлгөөнт эргүүлийн нэг автомашин дунджаар 6-7 хороонд хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэдэг. Эргүүлийн нэг автомашин эвдэрч, зогсох үед 6-7 хороонд цагдаа хүрч, ажиллаж чаддаггүй аж. Ингэснээр хажуугийн хорооны цагдаа, тус хорооны нутаг дэвсгэрийг хамарч ажиллах шаардлагатай болдог. Энэ нь цагдаагийн албан хаагчийн хүртээмжийг багасгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн цагдаагийн авто баазад 600 гаруй автомашин тээврийн хэрэгсэл ашиглаж байна.

Ашиглаж байгаа нийт машинуудын 37 хувь нь тав хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, зургаан хувь нь 16-аас дээш жил болжээ. Техник үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8.157 автомашины засвар үйлчилгээг хийсэн байна.  Үйлчилгээнд суудлын автомашин, том болон дунд оврын автобус, ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жип машин, микро автобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн есөн төрлийн техникийн хэрэгслээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг, сахиулахад бэлэн байдлыг хангадаг аж.

Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж буй эргүүлийн автомашинуудын парк шинэчлэлд бүрэн орох шаардлага үүсчээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны улсын төсөвт тусгахаар цагдаагийн байгууллагын эргүүл, хамгаалалтын чиглэлээр ажиллах автомашины парк шинэчлэл хийлгэх саналаа Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэдгээ Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд сэтгүүлчидтэй уулзахдаа онцлон хэлсэн юм.      

Авто баазын албан хаагчид дотоод нөөц бололцоогоо ашиглан тоноглож, зохион бүтээсэн тээврийн хэрэгсэл, ижил төрлийн гадаадын автомашинуудаас өртгийн хувьд харьцангуй бага төсвөөр бүтжээ. Бид тус баазад найман жил ажиллаж буй ахлах ахлагч С.Ганбаатартай уулзаж баазын үйл ажиллагааны талаар болон автомашины засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг эсэх асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Манай баазад 26 албан хаагчид 600 гаруй авто машинд засвар үйлчилгээ хийдэг. Ер нь нийтлэг гардаг эвдрэл нь моторын үйл ажиллагаа муудах, зам харгуйн муугаас болж элэгдэл хорогдол үүссэн байх нь элбэг. Одоо манайд ашиглагдаж байгаа автомашинуудын сэлбэгийн олдоц муу, өндөр үнэтэй байдаг юм.

Хэрвээ сэлбэгийн олдоц хангамж сайтай бол гадаа зогсож байгаа нэг машиныг ч гэсэн үйлчилгээнд гаргах юмсан гэж боддог” хэмээлээ. Манай улсад ашиглаж байгаа машинууд БНХАУ-д үйлдвэрлэсэн солонгос машин байдаг аж. Сэлбэг хэрэгслийг захиж авч ирсэн ч таарахаасаа таарахгүй нь их байдаг тул эргээд ашиглаж боломжгүй авто машины их бие шороонд дарагдан хөглөрдөг. Цагдаагийн хүнд ажлыг залгуулдаг авто баазын хүчин чадал сайн байх нь гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Учир нь гэмт хэргийн судалгаанаас харахад хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд 2-3 автомашин сэлгэн унадаг түүнээс олон машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг болох нь тогтоогджээ. Тиймээс ирэх жилийн төсөвт суулгахаар тусгасан цагдаагийн албаны парк шинэчлэлийн төсвийг нааштайгаар шийдэж өгөхийг иргэн хүний хувьд хүсье.