Өнгөрсөн долоо хоногт орон нутагт АИ-92 шатахуун 2010 төгрөгт хүрсэн бол өнөөдөр нийслэлийн захын хорооллуудад литр тутамд 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Уг асуудлын талаар АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Он гарсаар шатахууны үнийг гурван ч удаа нэмлээ. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон үнийг тогтворжуулах “Үнийн зөвлөл” гэж байгаа. УУХҮЯ-ны сайдаар ахлуулсан зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж болон үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл юм. Тус зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан. Үүний дагуу УУХҮЯ-аас дизелийн түлш болон АИ-95, АИ-98 автобензиний онцгой албан татварт зохицуулалт саналыг Сангийн яаманд хүргүүлж, хоёр удаа Засгийн газрын хуралдаанд санал тавьж байсан.
-Шатахуун импортлогчид үнэ нэмэх саналаа хоёр сарын өмнөөс хүргүүлсэн гэнэ. Гэтэл энэ хугацаанд “Үнийн зөвлөл” огт хуралдаагүй гэсэн мэдээлэл байна?
-Би сая хэлсэн. Одоогоос дөрвөн сарын өмнө буюу зургадугаар сард “Үнийн зөвлөл” хуралдсан. Манай холбогдох яам бол шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг хариуцдаг. Харин “Үнийн зөвлөл” шатахууны үнийг тогтоодог, үнийг шийдвэрлэдэг, асуудалд дүн тавих зориулалттай байгууллага биш. Зөвлөмж гарч, түүний дагуу саналыг боловсруулаад, холбогдох харьяа газрууд болон Засгийн газарт оруулдаг.
-Онцгой албан татварыг нэмэхгүй гэсэн байхад импортлогч компаниуд үнээ нэмсээр байна. Энэ асуудалд цаашид ямар арга хэмжээ авах юм бэ?
-Шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байгаа. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллароор төлбөр төлж худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байгаа. Тиймээс бид Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд бий. Үүний нэг жишээ нь 2018 оны долдугаар сард шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдэд гадаад зах зээлийн үнэ болон ам.долларын ханш өсөхөд үнэ өсч байгаа бол зах зээлийн үнэ буурахад дагаад тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг албан ёсоор мэдэгдэж, албан бичиг хүргүүллээ. Үүний дагуу гадаад зах зээлийн үнэ буурахад жижиглэнгийн үнээ буулгана гэсэн хариуг өгсөн байгаа.
-Одоогоор улсын хэмжээнд 37 хоногийн нөөц байна гэсэн. Нөөцөд байгаа шатахуун татвар нэмэгдэхээс өмнө авсан шатахуун гэсэн үг шүү дээ. Үүнийг татвар нэмсэн үеийн үнээр худалдаалж байна. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Бид хамгийн гол нь хангамж, нөөц, чанарын асуудлыг хариуцдаг гэж сая хэлсэн. Тухайн сарын хилийн үнэ гэдэг ч сарын дараа бүтээгдэхүүн нь орж ирдэг. Аравдугаар сарын хилийн үнэ есдүгээр сарын сүүлээр манайд өгөгдөж, бүтээгдэхүүн нь аравдугаар сарын сүүлээр Монголд орж ирдэг гэсэн үг. Түүнтэйгээ уялдаад сарын дараа хэрэглэгчдэд хүрдэг байгаа.
-Шатахуун импортлогчид урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт үнээ нэмчихдэг. Үүнд ямар нэгэн хяналт шалгалт байдаг уу. Импортлогчдын толгойг илээд, ард түмний нуруунд ачааг үүрүүлж байна гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ?
-Төрийн зүгээс импортлогч компаниудын толгойг илээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Бид холбогдох хууль, дүрмийн дагуу ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой хэмжээнд үнийн өсөлтийг тогтвортой байлгах, гадаад зах зээл болон ам.долларын ханшаас шалтгаалж байгаа хүчин зүйлсийг аль болох бууруулах зохицуулалтыг хийж ажилладаг. Гадаад зах зээлээс үнийн өсөлттэй орж ирэхэд, аж ахуйн нэгжүүд татан авалтаа багасгана. Ингэснээр хомсдол үүсэх нөхцөл бий болно гэсэн үг. Хомсдол гэдэг хамгийн хүнд зүйл. Тэгэхээр гол ялгаа нь энэ л байна.
-Танайхаас хэвлэлийн хурал зарлахдаа энэ талаар авч хэрэгжүүлж байгаа тодорхой ажил танилцуулаагүй. Үнийн өсөлтийн шалтгааныг тайлбарласан мэдээлэл өгсөн. Тэгэхээр танай газар яг ямар байр суурьтай байна гэсэн үг вэ. Үнийн өсөлтийг зохицуулах боломжгүй боллоо гэдгээ мэдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Үүсээд байгаа нөхцөл байдал өөрөө гадаад зах зээлээс хамааралтай юм шүү гэдгийг тайлбарласан. Манай газрын зүгээс холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан тоот бичиг хүргүүлж, хариу авч ажиллана. ОХУ-ын “Роснефть” компанийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын урилгаар ирж ажилласан. Энэ ажлын хүрээнд хоёр талын ажлын хэсгийг байгуулж, шаашид хамтарч ажиллах талаар зөвлөлдсөн байгаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих явцтай танилцсан. Үүний хүрээнд богино хугацаанд тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллана.
-Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Ажлын явц хэдэн хувьтай явж байна вэ?
-1.5-аас 2 сая тонн хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдахаар болж, үйл ажиллагаа эхэлчихсэн байгаа. Энэ жил тухайн үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэлсэн. Авто замын ажлыг Батлан хамгаалах яамны удирдлага дор, эрчим хүч, цахилгаан дамжуулах сүлжээг Эрчим хүчний яамны удирдлага дор, төмөр замын ажлыг УБТЗ-ын удирдлага дор тус тус гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байгаа. Ирэх оны таван сард дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үйлдвэрийн барилгын ажил 2019 оны гуравдугаар улирлаас эхэлж, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа.
-Манайх нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНСУ болон БНХАУ-аас авдаг гэлээ. БНСУ болон БНХАУ-аас авдаг хилийн үнэ “Роснефь” компаниас ямар ялгаатай байдаг юм бэ?
-Зөвхөн ОХУ-аас их хэмжээгээр биш БНХАУ-ын зарим хилийн боомт, гарцууд дээр бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх талаар судалгааны ажил хийж байгаа. Энэ ажил сүүлийн үед эрчимтэй явж байна.
-Манай Улс газрын тос олборлогч орон. Үүнийгээ ашиглаад хөрш орны боловсруулах үйлдвэртэй хамтарч ажиллаж болдоггүй юм уу?
-Монгол Улс түүхий тосны 330 гаруй сая тонн геологийн хайгуулын нөөцтэй. Үүнээс баталгаат нөөц нь 43 сая тонн гэж явдаг. Одоогийн хэрэглээгээр жилдээ нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-руу экспортолж байгаа. Тухайн экспортын бүтээгдэхүүнээсээ 2018 онд Улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс боловсруулах үйлдвэртэй болсон тохиолдолд тухайн зах зээл дэх ханшаар нэн түрүүнд манай боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ гэсэн гэрээ, заалт байгаа.
-Шатахууны үнэ хэзээ буурах бол. Судалгаа бий юу?
-Өнөөдрийн хувьд газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн дээд хэмжээнд очсон байгаа. АНУ-ын Ираны хориг арга хэмжээнээс болж газрын тосны олборлолтын хэмжээ буурч байгаа. Гэхдээ энэ оны төгсгөл буюу ирэх оны эхээр эргээд үнийн өсөлт буурах болов уу гэсэн таамаг байна.
-Татвар, зардлаа оруулаад нэг литр шатахууны орж ирж байгаа үнэ нь хэд байна вэ?
-Одоогийн байдлаар шатахууны нэг литр тутмын өртөг үнэ 1900 орчим төгрөг байна гэж тооцоолсон.
-Хилийн үнэ цаашид нэмэгдэх үү?
-Улирлын чанартайгаар дизель түлшинд өөрчлөлт ордог. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжихэд 30 ам.долларын зөрүү гарч ирдэг.
-Хилийн үнэ одоо хэд байгаа юм бэ?
-АИ-92 автобензиний хувьд хилийн үнэ 766 ам.доллар байна.
-Импортлогч компаниуд хэдэн төгрөгөөр үнээ нэмсэн байгаа вэ?
-Одоогийн байдлаар 50-70 орчим төгрөгөөр нэмсэн гэсэн баримтууд ирж байна. Үүний дагуу манай холбогдох мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа.