ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Шинэсаран" түр хамгаалах байр ашиглалтад орлоо

O.Admin
6 цагийн өмнө

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах шинэ байр ашиглалтад орлоо. Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан түр байраа гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэсэн.

“ШИНЭСАРАН түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Өнөөдрөөс хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт ЦЕГ-ын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсан. Зуу гаруй жилийн настай хуучин байшинд хүн амьдрах, засварлах боломжгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул түр хамгаалах шинэ байр ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах чиглэл өгсөн юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдээ хамгаалах боломж нөхцөл шуурхай бүрдүүлсэн ХЗДХЯ, ЦЕГ, Нийслэлийн ЗДТГ, төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье.

Түр хамгаалах байр бол зөвхөн барилга байшин бус хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх иж бүрэн орчин нөхцөл юм.

Израил улсын түр хамгаалах байрны загварыг баримтлан, олон улсын жишигт нийцүүлэн байгуулсан, нэг дор 40 гаруй хохирогч хүлээн авч хамгаалж үйлчлэх хүчин чадалтай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухааны зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө, тасалгаатай.

Монгол бол айдас хүйдэст автаж, хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдүүдээ, эмэгтэйчүүд, иргэдээ хамгаалдаг халамжилдаг төр засагтай, хууль журамтай улс орон байх учиртай.

Гэр бүлийн хүчирхийлэл бол хаалттай хаалганы үйлдэгддэг асуудал биш. Хүний жам ёсны эрх, илүү сайхан ирээдүйн төлөө төр засгийн хүлээсэн эн тэргүүний үүрэг билээ.

Улсын Их Хурал хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх эрх зүйн эрүүл орчин бүтээхийн төлөөх онцгой анхаарч ажиллах болно.

Жишиг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн Азийн хөгжлийн банк, түр хамгаалах байр тохижуулахад хувь нэмэр оруулсан Япон Улсаа Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, төслийн баг хамт олонд Монголын хүүхэд багачууд, эмэгтэйчүүдийн өмнөөс БАЯРЛАЛАА.

Энхрий үрс минь инээж байг!

Эрх чөлөөний наран хүн бүрийг ивээх болтугай!