УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болд төмөр Ерөө гол” ХХК хууль бусаар ашигт малтмалын ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар геологич Б.Батсайхан өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Би сар орчмын өмнө Уул уурхайн сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Та бүхэн санаж байгаа байх. Тэр үед сэтгүүлчид баримтыг нь дэлгээч гэсэн. Тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд дөнгөж өгч байсан болохоор баримтыг нь дэлгэх болоогүй гэж үзсэн юм. Дээрээс нь чуулган эхлэхээр энэ асуудлыг ярьж, баримт дэлгэе гэж санасан. Энэ асуудлыг заавал хүмүүст хүргэмээр байна. Та бүхэн “Болд төмөр Ерөө гол” гэдэг компанийг мэдэх байх. Энэ компани Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 888А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй юм. Тэгвэл 888А зөвшөөрөлтэй талбайн ойролцоо байдаг газарт “Эй Ар Ай Ти” ХХК 1948.57 га газарт 10885А тоо ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байсан. 2009 оны аравдугаар сарын 2-ны өдрийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.
Цуцалсны дараа тэр тусгай зөвшөөрлийг авахаар олон компани булаацалдсан. Сүүлдээ шүүх хурал болсон юм. Мэдээж шүүх хурал болж байгаа хойно нэг нь ялагдаад, нөгөөх нь ялаад л гарсан. Гурав, дөрвөн компани тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбайд лиценз авахад гэж өргөдөл өгөөд, үзэлцсэн гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарахад “Миллениум диггерс” гэдэг компани ялсан байдаг юм. Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тэр компанид тусгай зөвшөөрөл өгсөн. “Миллениум диггерс” компани нь “Болд төмөр Ерөө гол” ХХК, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай хамаарал бүхий аж ахуйн нэгж. Энэ компани XV-15192 тоот тусгай зөвшөөрлийг авсан. Гэхдээ Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 821 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон. Дээрээс нь Улсын дээд шүүх ч гэсэн шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан л бол заавал биелэх ёстой. Гэвч Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад лицензээ цуцлаагүй.
Харин ч АМГТГ-ын Кадастрын хэлтэс лицензийг нь цуцалсан энэ талбайд гурвын гурван тусгай зөвшөөрлийг өөр компаниудад шилжүүлсэн. “Инфинитиспэйс” гэдэг компанид хоёр тусгай зөвшөөрөл өгсөн. Нэг нь А, нөгөө нь К лиценз. XV-016948 тоот хайгуулын, XV-01694 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Тэгвэл гурав дахь тусгай зөвшөөрөл буюу XV-017607 гэдэг тусгай зөвшөөрлөө энэ компани “Болд төмөр Ерөө гол” руу шилжүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг цуцалсан Дээд шүүхийн тогтоол гарсан талбайг лицензийг цуцлахгүй байж байгаад л компаниудад хуваагаад өгчихлөө гэсэн үг. Нөгөө талаар ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр төмрийн хүдэр олборлоод, экспортод гаргаж байгаа” хэмээн мэдээлсэн юм. Мөн “Инфинитиспэйс” гэдэг компанийн эсрэг “Хүмүүлтэйн гөрөөчин”, “Э жеоложик фамили” компаниуд гомдол гаргасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байхад яагаад өөр компани руу шилжүүлж байгаа юм бэ гэдэг үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гомдол гаргаж байсан юм билээ.
Гэвч тухайн үедээ нэхэмжлэлээсээ татгалзаад, эвлэрээд өнгөрсөн. Ингээд л хэрэг завхарсан. “Болд төмөр Ерөө гол” компанийн 8888А лиценз бол асуудалгүй. Харин дээр дурьдсан гурван талбай тусгай зөвшөөрөлгүй. Тийм байтал тэд төмрийн хүдэр олборлоод, гадагш нь гаргаад байна” гэлээ. Тэрбээр цааш нь “Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн, процесс нь удаан байна. Энэ мэт хууль бус асуудал гараад байхад дуугүй байж болохгүй биз дээ. Би энэ асуудлаар гомдол гаргаж, прокурорт өгсөн. Прокурор шүүхийн тогтоол, шийдвэрт хяналт тавьж байх ёстой. Гэтэл надад Улсын Ерөнхий прокуророос “Таны гаргасан гомдолд дурьдагдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. Гэхдээ АМГТГ-ын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж байвал та Захиргааны хэргийн шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн. Нэгэнт Дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад би яаж дахиж шүүхэд хандах юм бэ. Энэ асуудлыг чинь шүүх шийдсэн юм байна. Шийдвэр нь хүчин төгөлдөр. Гэхдээ та шүүхэд хандана уу” гэж хэлнэ гэдэг байж боломгүй л зүйл” хэмээлээ.