ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тодорхой хаягжилтгүй төөрдөг хот

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-17

Гадны хөгжингүй улс орнуудад явж байхад гудамж зам бүрийн дагуу нэрийг бичсэн байхын зэрэгцээ орон сууцны хаяг дугаарыг тухайн байрны хамгийн дээд давхарт маш томоор бичсэн байдаг. Тийм ч учраас иргэд нь гудамж, хороолол, орон сууцыг хайж төөрөх явдал огт байдаггүй аж. 
 

Харин манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ байдаг. Тэр тусмаа хуучин орон сууцнуудын дийлэнх нь ямар ч хаяг дугааргүй байх нь нийтлэг бөгөөд байлаа гэхэд тухайн байрныхаа аль нэг өнцөгт А4 цаасны хэмжээтэй жижигхэн самбарт тоо тавьсан байдаг нь иргэдийг ихээр төөрөгдүүлдэг. Жирийн иргэд ч яах вэ бусдаас асууж сурагласаар тухайн байраа олж болдог юм гэхэд цагдаа, түргэн тусламж, галын машинууд тухайн айлаа олохгүй хугацаа алдах тохиолдол гарч болзошгүй байгаа юм. 
 

Манай сонин гудамж, хорооллын нэр хаягт тавих стандарт байдаг эсэх, хэрвээ байдаг бол уг стандартыг мөрдүүлэх асуудалд ямар байгууллага хяналт тавьж ажилладгийг сурвалжиллаа. 

Орон сууцны хаягийг II, III давхрын хооронд ногоон дэвсгэр дээр цагаанаар бичиж байрлуулах ёстой

Манай сурвалжлах баг хамгийн түрүүнд Хот төлөвлөлтийн газрыг зорилоо. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Г.Билгүүнтэй уулзаж гудамж талбайн нэр хаягийн стандартын талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай хэлтэс 2016 оноос нийтийн эзэмшлийн гудамж, зар сурталчилгааны самбаруудад хяналт тавьдаг болсон.  Гүүрэн гарцуудад тавигдсан зар сурталчилгаануудыг ирэх сарын 01 гэхэд буулгаж замын чиглэл заасан самбарууд байрлуулна. Үйлчилгээний барилгууд зөвшөөрлөө авах үедээ стандартын шаардлага хангасан хаяг тавьдаг боловч хэд хоногийн дараа түүнийгээ өөрчилдөг тохиолдол их байгаа. Стандартын дагуу хаягаа тавиагүй ААН-д арга хэмжээ авсан тохиолдол өнөөдрийн байдлаар байхгүй” гэв. 
 

Үүний дараа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаатай уулзаж, орон сууцны хорооллуудад хаяг, дугаарыг хэрхэн ямар журмаар олгодог, хаягжилтын ямар стандарт байдаг талаар тодрууллаа.  Тэрбээр “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын барилгажсан хэсэг болон зуслангийн бүсэд хаяг дугаар олгодог. 2013 онд батлагдсан хаягжуулалтын тухай хуулиар газрын кадастрын зургаар баталгаажсан нэгж талбарт дугаар олгох ёстой. Иргэн ААН-үүд гудамж талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлагын дагуу ногоон дэвсгэр дээр цагаанаар бичсэн дугаарын тэмдгийг тухайн байшин, барилгын зорчигч их байдаг талын хоёр хананд, хоёр болон гуравдугаар давхрын хооронд ил харагдахаар байрлуулна. Барилгын хаяг дугаарыг ААН, иргэн өөрийнхөө зардлаар хийж гүйцэтгэх ёстой байдаг. Гудамж талбайн түүх нэршлийг хүмүүст таниулахын тулд өөрийн вэб сайтад, манай хороо, миний гудамж зэрэг сайтад дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгсөн байгаа. Энэ талаараа FM, радиогоор цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг” хэмээсэн юм.     

Албан ёсны хаягаар бус олны танил нэршлээр баримжаалдаг

Минут секундтэй уралдан хүн ардын эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалахаар ажилладаг түргэн тусламж, аврах ангид очиж хаягжилт байхгүй байрыг олоход ямар хүндрэл учирдаг талаар тодрууллаа.  Чингэлтэй дүүргийн гал унтраах X ангийн жолооч Ш.Отгонбаяр “Обьектын гал түймрийн дуудлага өгсөн хаягаа буруу хэлсэн, хаяг олдохгүй байх гэх мэт хүндрэл гардаг юм. Жишээ нь, Баянгол дүүргийн Өнөр хороолол байна. Их хэцүү газар даа. Гэхдээ галын дуудлагын дагуу очиж явахад алсаас утаа нь олгойдон харагддаг учраас олоод очиж болдог” гэсэн юм. Бид 103-ын түргэн тусламжийн жолооч С.Баярсайхантай ч уулзан дээрх асуултаа тавихад тэрбээр “Өдөрт 40 гаруй түргэний тэрэг дуудлагад гардаг. Би 17 жил түргэний машин барьж байна. Дуудлагаар явахад гэр хорооллын дэнжийн задгай зэрэг газарт олгогдсон хаягуудыг олоход хэцүү байдаг. Байр хорооллын дунд ганц нэг өндөр барилга бариад гадаад нэр өгч таун  гэж нэрлэсэн байдаг. Тийм байрыг олоход цаг хугацаа их алддаг. Дуудлага өгсөн иргэнтэй утсаар заавал холбогдох шаардлагатай болдог. Шуурхай дуудлагын төвөөс ерөнхий хаягийг өгдөг ч хороогоор нь багцаалдаж байгаад л очдог. Жишээ нь “Голден парк”, хуучны “ХИД 2”-ын ард байдаг хоёр байр, Зайсангийн ойролцоох баригдсан шинэ байруудын хаяг дугаар нь харагдац муутай байдаг” хэмээв. Мөн тэрбээр түргэний машинд GPS байдаггүй гар утасныхаа GPS-ыг ашиглахад хуучны байршил гарч ирдэг учир хүндрэлтэй байдаг тухай ч  дурьдсан юм. 
 

Шуурхай дуудлага бүртгэж дамжуулдаг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д очиж Дуудлага өгсөн иргэд хаяг байршлаа хэлж мэдэхгүй тохиолдол, хаягийн ойлгомжгүй байдлаас үүдэлтэйгээр хүндрэл учрах тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Техник ашиглалтын хэлтсийн шуурхай үйлчилгээний тасгийн дарга цагдаагийн хошууч М.Болор-Эрдэнээс тодруулсан юм. Тэрбээр “Шуурхай мэдээллийн дуудлагын утсанд дуудлага өгч байгаа иргэд тэр бүр албаны хаяг хэлж чаддаггүй. Тийм учраас эхлээд аль дүүрэг, хороо байршлыг асууж тодорхой болгодог. Мөн байршлыг тодорхойлон аль нэг байгууллагаар баримжаа тогтоох үе байдаг. Жишээлбэл, Жуковын музей, Сүхбаатарын талбай, Офицеруудын ордон гэх мэтээр хаягаа хэлдэг тохиолдолд заавал аль дүүрэг, хороо вэ гэдгийг нь асууж хугацаа алдах шаардлагагүй байдаг. Яаралтай дуудлага өгөөд хаяг нь тодорхойгүй тохиолдолд уулзах цэгт тухайн дуудлага өгсөн иргэний ар гэрийн хүн тосоод зогсож байдаг. Өндөр хөгжилтэй зарим улсад гудамж хороолол битгий хэл гэрлийн шонгийн модыг дугаарласан байдаг” хэмээн ярилаа. Хаягийн тодорхойгүй байдал иргэдэд хэрхэн нөлөөлдөг талаар цөөн иргэдтэй уулзаж, тодруулсан юм.

Г.Наранцацрал: Орон сууцны дугаар харагдахуйц байх хэрэгтэй
/Баянзүрх дүүргийн иргэн/

-Орон сууцны дугаар харагдахуйц байх хэрэгтэй. Байшингийн буланд жижигхэн биччихээр хэн ч олж харахгүй. Тухайн газраа олоход их хэцүү байдаг. Зарим газар сурталчилгааны самбар, хаяг олон байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжид нөлөөлж, муухай харагдуулдгаас гадна жижигхэн хаягийг нь хаачихдаг. Энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй.

Х.Рагчаа: Өвдөөд яаралтай түргэн дуудахад цаг их алддаг
/Чингэлтэй дүүргийн иргэн/

-Манай улс өндөр барилгууд барьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хаяг, сурталчилгааны салбарууд нь тэр сайхан барилгуудын өнгө үзэмжид нөлөөлдөг. Өөрсдөө хийж чадахгүй юм гэхэд гадны орнуудаас санаа авч, дуурайлгаж хийх хэрэгтэй. Энэ тийм ч хэцүү асуудал биш. Хүмүүсийг нохой шиг төөрүүлж байхын оронд чанартай юм хийх хэрэгтэй. Баярын өдөр хүмүүс ирэх гэж “Танайх яг хаана юм бэ. Хэддүгээр байр билээ. Харагдахгүй байна” гэж зөндөө залгадаг. Өвдөөд яаралтай түргэн дуудахад цаг их алддаг. 

З.Бөхчулуун: Ихэнх газрууд нь гадаад нэртэй
/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Хаягжилтын хувьд их хүндрэлтэй байдаг. Ихэнх газрууд нь гадаад нэртэй болчихсон. Монгол хаяг байхгүй. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Ахынх нь насны хүн гадаад хэл мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй, ойлгохгүй юм зөндөө байдаг. Заримдаа гадаадад байгаа юм шиг л санагддаг. Монгол хүн байж монгол хэлээрээ, эсвэл монгол бичгээрээ бичих хэрэгтэй гэсэн юм. 

 

...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези зураг зүйн хэлтсийн дарга С.Энхтуяатай уулзаж хаягжилттай холбоотой үүсч буй асуудлаар тодруулахад “Нийслэл хотын хаягжилт 2006 оноос өмнө эмх замбараагүй байсан. Одоо байгаа хаягийн асуудалд тулгамдаж буй асуудал нь  нэгдүгээрт нэг бүсэд ижил дугаартай байрууд байдаг. Хоёрдугаарт дугааргүй барилга их. Гуравдугаарт дугаарлалт нь системгүй, нэгдсэн аргачлалгүй байна. 2013 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Цаашид “Монгол Улсын Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулахаар ажлын хэсэг батлагдан ажиллаж байна”  гэв.