Өдөр тутмын сонин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүрэх замын ажил эхэллээ гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулсан юм.
-Хэвлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Гачууртын уулзвараас Налайх-Чойр хүртэлх зам засварын ажил эхэлсэн талаар мэдээлсэн. Замын ажил хэзээнээс эхлэв ээ?
-Налайхын зам тавих ажил албан ёсоор эхлээгүй. Уг зам 1953 оны БНХАУ-ын төмөр замын тулгуур зам болгож тавигдсан. Олон жил болсон учир элэгдэлд ороод засвар үйлчилгээ авах боломжгүйгээр 20 дахь километрийн цэгт хоёр газар бетон нь цөмөрсөн. Бид зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авч, нөхөн сэргээлт хийж байгааг замын ажил эхэллээ гэж ташаа ойлгосон байж магадгүй. Уг зам Сэлэнгээс Замын-Үүд хүрэх транзит зам болно. Мөн Улаанбаатар хотыг алслагдсан хоёр дүүрэгтэй холбосон гол хурдны зам учраас Налайхын замыг яаралтай шинээр барих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төсвөө хүлээж байна.
-Замын ажил хэзээнээс эхлэх вэ. Санхүүжилт нь шийдэгдсэн үү. Хэдэн төгрөгийн төсвөөр барих юм бол?
-Зам тавих бүх ажил болсон. БНХАУ-ын “Симогидро” гэдэг компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллана. Барилгын түр талбай, техник хэрэгсэл, хүн хүч бүх зүйлээ бэлдсэн. Инженерийн шугам сүлжээ зайлуулалт, холбогдох бүх ажлаа тооцоод хийчихсэн. Юунаас шалтгаалж байна гэхээр БНХАУ-ын “Эгзим” банкны тусгайлсан зээлийн гэрээгээ хүлээж байна. Нийслэлээс шалтгаалах ажил нэг ч үгүй. Биднээс хамааралтай бүх ажлаа хийгээд дууссан. Мөн Засгийн газрын хүрээнд хийх ёстой ажлаа хийчихсэн. Тусгайлсан зээлийн гэрээгээ хийх л үлдсэн байна. Техник хэрэгслүүдээ ч бүгдийг нь бэлдсэн. Тусгайлсан гэрээнд гарын үсэг зурлаа л бол мөнгө нь орж ирж, ажил шууд эхэлнэ. БНХАУ бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийгээд яам тамгын газар, агентлагийн удирдлагууд солигдсонтой холбогдон шинэ дүрэм журам гаргасан. Шинэ дүрэм, журамд нийцсэн бичиг баримтуудыг нэмэлтээр бүрдүүлж өгөх ёстой гэж гүйцэтгэгч компани үүрэг болгосон байна. Шаардлагын дагуу холбогдох бүх албан бичгийн бүрдлийг хангаад Хятад руу явуулсан. Энэ юм уу, ирэх долоо хоногт шийдвэр гарах байх гээд хүлээж байна.
-20.9 километр замын ажил гүйцэтгэхээр хэдэн компани сонгогдсон байгаа вэ?
-Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНХАУ-ын компани ажиллана. Туслан гүйцэтгэгчээр нь Монголын 20 гаруй компани ажиллана. Тухайн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэдийг ажлын байраар хангана. 100 хувь дотоодын түүхий эд бүтээгдэхүүнийг авна.
-Тэрэлжийн зам засварын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Тэрэлжийн замын ажил Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт харьяалагддаггүй. Яаманд харьяалагддаг учир хэзээнээс засвар орохыг мэдэхгүй байна.
-Зам ашиглалтад хүлээж авах хугацаа хэзээ вэ?
-Замын ажил талаасаа газар шорооны болон инженерийн шугам сүлжээний ажлаа зэрэг эхлэх бөгөөд 2019 оны арван нэгдүгээр сар гэхэд ашиглалтад орсон байна. Санхүүжилт орж ирээд ажлаа эхлэнгүүт замын ажлын графикаа шахаад, хөдөлмөрийн хүчээ нэмэгдүүлээд ажиллана. Учир нь бид Хятадын “Эгзим” банкны гэрээ хүлээж хугацаа алдаж байгаа. Энэ хугацаагаа нөхнө. Үндсэндээ нэг биш хоёр юм уу гурван ээлжээр ажиллана.