Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний нэгдлийн судлаач Г.Алтанхуягтай ярилцлаа.
-Монголын малчид тун удахгүй мал, махаа зарах зах зээлгүй болно гэж та сэрэмжлүүлээд байгаа. Ямар үндэслэл байгаа болоод та ингэж сэрэмжлүүлээд байгаа вэ?
-Энэ жил Монголд 69 сая мал тоологдсон. Монгол Улс малаар баян болж байна. Миний тооцоогоор Монгол Улсад 50 гаруй том компани 27 сая малыг одоогоор эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын нийт малын гуравны нэг нь компаниудын эзэмшилд байна. Тэдгээр компаниудын мал хоёрхон жилийн дараа гэхэд 40 саяд хүрнэ. Тэгсэн тохиолдолд монголчуудын махны дотоодын нийт хэрэгцээг тэдгээр компаниуд бүрэн хангаж чаддаг болно. Ингэснээр бэлчээрт малаа хариулж байгаа 160 мянган малчны мал, махыг өвчтэй, гарал үүслийн баталгаагүй гэдэг үндэслэлээр зах зээлд нийлүүлэх боломж хаагдана. Малчид өнөөдөр мал, махаа зах зээлд кг-ыг нь 1000-3500 төгрөгөөр нийлүүлж байгаа. Тэгэхэд гадаадын хөрөнгө оруулалттай болон Үндэсний томоохон компаниуд өөрсдийнхөө махыг доод тал нь кг-ыг нь 8000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Томоохон компаниуд малчдын малыг хямдхан байлгах том бодлого хэрэгжүүлж зорилгодоо хүрч байна. Тун удахгүй Монголын малчдыг ажилгүй, орлогогүй болгоно.
-Эрчимжсэн мал ахуйн үйл ажиллагаа явуулдаг компаниудад зах зээлээ булаалгахгүйн тулд малчид яах ёстой вэ?
-Нэгдэх ёстой. Сумаараа, багаараа нэгдэх хэрэгтэй. Нэгдэнэ гэхээр 1940-оод он шиг бүх малаа дундаа нийлүүлээд орхи гэж байгаа юм биш. Малчид өөр өөрсдийнхөө малаа эзэмшинэ. Гэхдээ нэгдлийн гишүүнчлэл, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой. Би судалгааны ажлаар хөдөөгүүр явж байхад ганц нэг гайгүй хоршоо таарсан. Гэвч тэдгээр хоршоонд өөрсдийнхөө малыг зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэх менежментийг мэддэг хүн нэг ч байхгүй байна. Хэрвээ зохион байгуулалтад ороод менежмент хийчихвэл зах зээлийн ханшаар буюу өндөр үнээр махаа Улаанбаатарт нийлүүлдэг болно. Ингэснээр малчид эр, сувай малаа хотондоо байлгахыг хүсэхгүй шүү дээ. Аль болох хурдан борлуулж, зах зээлийн эргэлтэд оруулахыг бодно.
-Бүх сумын малчид нэгдсэн зохион байгуулалтад ороод малаа асар ихээр нийлүүлээд эхэлбэл тэрийг нь шингээж чадах зах зээл байгаа юм уу?
-Монголчууд жилд 10 орчим сая малыг иддэг. Үүнээс гадна, гадаад руу махаа нийлүүлэх маш олон гарц боломж байгаа. Малчид мал махаа гадагш нь гаргах гэхээр гарал үүслийн гэрчилгээ, малын карт бүртгэл хөтөлдөггүйгээсээ болоод гадагш нь экспортолж чадахгүй байна. Хэрвээ нэгдэлжиж, зохион байгуулалтад орвол дундын зуучлагчгүйгээр гадаад руу өндөр үнээр малаа нийлүүлэх боломж бүрдэнэ. Би саяхан Баянхонгор аймгийн Өлзийт суманд явж байхдаа 2002 оноос хойш бүх малаа гэрчилгээжүүлсэн нэг малчин эмэгтэйтэй таарсан. Тэр эмэгтэй бүх малаа төллөсөн өдөр, гарал үүсэл, хийсэн вакцинуудыг нь он сар өдөртэй нь бичээд, зохих ёсны хүнээр нь тамга даруулж албажуулсан байсан. Гэвч тэгж их ажил болсных нь хэрэг тэр малчин эмэгтэйд гарахгүй байна. Гарал үүсэл, эрүүл ахуйн гэрчилгээтэй малыг ямарч бүртгэл гэрчилгээгүй жирийн малчны малтай ижилхэн үнээр ченжүүд авч байна. Тэгэхэд “Канад хан” гэдэг компани гаднаас оруулж ирсэн үхрээ яг л Баянхонгорын малчин эмэгтэйтэй адил гэрчилгээжүүлээд, хугацаанд нь вакцинжуулсан мөртлөө зах зээлд нэг кг-ыг нь 18 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Тэр эмэгтэй зохион байгуулалтад орж чадаагүй учраас л гэрчилгээжүүлэлтийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байна.
-Малчид нэгдсэнээр өөр ямар шинэ боломжууд бий болох бол?
-Үүнийг дурьдахын тулд нэгдэлжих хөдөлгөөнийг ярихаас өөр аргагүй. 1940 онд нэгдэлжих хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэн. Ингэснээр талаар нэг тархсан Монголын малыг эрүүлжүүлэх ажил хийгдсэний зэрэгцээ мал бүрт карт хөтөлдөг болсон. Түүнчлэн малчдыг соёлжуулсан, боловсролтой болгосон. Бүр хувийн болон хоршооны хөрөнгөтэй, тогтсон орлого цалинтай болгосон. Нэгдэлжих хөдөлгөөн монголын маш том ололт амжилт байсныг олон эрдэмтэд хэлсэн шүү дээ.
-Нэгдэлжих хөдөлгөөн гарснаар харин ч ялтай мал гэдэг нэршил бий болсон. Мөн малчдыг хэтэрхий бага цалинжуулж хөдөлмөрийг мөлждөг байсан гэж шүүмжилдэг шүү дээ?
-Нэгдэлжих хөдөлгөөнийг хийснээр жилдээ 4.5 сая малыг гадаадад экспортолдог болсон монголчууд өнөөдөр 40 мянган тонн мах гаргаснаа өндөр амжилт гэж ярьж байна. Тухайн үед бүх малаа эрүүлжүүлж, хянаж чадсан учраас л гадагш нь экспортолж чаддаг байсан. Ялтай мал гэдэг нэршил бол нийгмийн шилжилтийн үед пи ар хийх зорилгоор гаргасан худал үг. Аав минь малчин байсан. 1993 онд мал маллаж авсан цалингаасаа бий болгосон хадгаламж нь 17 мянган төгрөг байсан. Тэгэхэд тэр үед сайд дарга хийж байсан хүний хадгаламж нь 22 мянган төгрөг байсан гэх юм билээ. Малчин дарга хоёрын орлого тэгэхээр бараг ялгаагүй байсан байгаа биз дээ. 1990 оноос хойш нэгдэлжих хөдөлгөөнийг бодлогогүйгээр тараасныг би гэмт хэрэг гэж үздэг. Нэгдэлжих хөдөлгөөн стратегийн хөгжлийн том гарц байсан. Дээхнэ үед айл хүний амь нэг, хоршоо хүний хоол нэг гэж малчид ах дүүгээрээ нийлж нэгдэж ажилладаг байсан жишиг одоо байхгүй болсон. Би Монгол Улсынхаа тэн хагасыг туулж судалгаа хийхэд хоршоолж нэгдсэн малчид бараг байхгүй байна. Ах дүүгийн нандин хэлхээ байхгүй болж, малчид ганц ганцаараа жалганд малаа маллан амьдарч байна.
-Тэр үетэй харьцуулахад, малчдын орлого санхүүгийн чадамж эрс дээшилсэн шүү дээ?
-Өнөөдөр малчид хөгжлөө гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр хөгжсөн зүйл огт алга. Малчид жилдээ хоёр цалин л авдаг. Хавар ноолуураа тушаагаад нэг цалин авч байна. Намар 300-аас дээш малтай айлууд нь малнаасаа Улаанбаатарт авчирч зараад хэдэн цаас олж байна. Бусад үед малчдад цалин орлого гэж байдаггүй. Ийм байхад яаж хөгжиж сайжрах вэ дээ. Тэгэхэд өнөөдөр төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс их бага нь хамаагүй сардаа хоёр удаа цалин авч байна. Малчдын малыг үнэгүйдүүлж байгаа нь малчдыг устгах бодлого гэж би үздэг. Цаашид мал, махаа Улаанбаатарт нийлүүлэх боломжгүй болчихвол малчид хүссэн хүсээгүй устна. Өнөөдөр Монголын хээр талд байгаа байгалийн баялаг, ан амьтдыг малчид л харж хамгаалж байгаа. Монголын өргөн уудам газар нутгийн өнцөг булан бүрийг өдөр шөнөгүй харж хамгаалдаг малчид байхгүй болчихоор хэн тэр нутгийг хамгаалах юм. Энэ нь хэнд ашигтай байх вэ?