58 дахь удаагийн сайхан бүсгүй шалгаруулах “Miss international-2018” наадмын эцсийн шатны шалгаруулалт өчигдөр Японы нийслэл Токио хотын Токио Дом сити холлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна.
Тус тэмцээнд 77 орны гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Венесуэлийн сайхан бүсгүй Марьем Кларет Влазко Гарсиа шалгарч, тэргүүн титмийн эзэн болсон байна. Сонирхолтой нь мисс бүсгүй 1998 оны арваннэгдүгээр сарын 9-нд төрсөн бөгөөд тэмцээний эцсийн шалгаруулалтын өдөр түүний төрсөн өдөр тохиожээ. Ингээд 20 насныхаа төрсөн өдрөөр Гарсиа гоо бүсгүйн наадамд тэргүүн байр эзэлсэн аж. Венесуэл 58 жилийн түүхтэй тус наадамд найм дахь удаагаа тэргүүлсэн нь энэ. Ингэснээр нэг тэмцээнд найман удаа тэргүүлсэн анхны орон болж байгаа юм. Тэрбээр загвар өмсөгч гэнэ.