-Гамшгийн улмаас 42 хүн нас барж, 200 гаруй хүн сураггүй алга болжээ-
АНУ-ын Калифорни мужийн Парадайс хот бүхэлдээ шатахад ойрхон байна. Хот бүхэлдээ саарал утаа, галын дөлөнд бүрхэгдэж, энд тэндгүй шатаж дууссан байшин барилга ханхайн автозамд шил нь хагарч юу ч үгүй болтлоо шатсан машины сэгнүүд хөглөрч, аврах албаныхан нас барсан иргэдийн цогцсыг зөөж, гэрийн тэжээвэр амьтад, мянга мянган хүмүүс гэр орноо орхин аюулгүй газар руу дүрвэж байна.
Түймэрт гэр орон, хайртай дотны хүмүүсээ алдсан иргэд гамшигт үзэгдлийг Иракийн дайнтай зүйрлэн нулимс унагах бөгөөд Америк даяар Калифорнийн төлөө залбирч байгаа юм.
Дэлхийн хэвлэлүүд ой хээрийн түймрийг цаг минут тутамд мэдээлж, амиа алдагсдын тоо нэг нэгээр нэмэгдэж байна. Эх оронд нь эмгэнэлт явдал нүүрлэж, гал түймэр замд нь тааралдсан бүхнээ залгиж байхад дорвитой алхам хийхгүй байгаа төр засгаа, Ерөнхийлөгч Доналд Трампыг ч иргэд нийгмийн сүлжээнд зүхэх болжээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр гамшгийн улмаас 200 гаруй хүн сураггүй алга болж, 42 хүн амиа алдсан байна. Одоогоос 85 жилийн өмнө Калифорнид ийм хэмжээний түймэр гарч байсан бөгөөд тухайн үед 29 хүн амиа алдаж байжээ.
“Парадайс” гэх эл хотын нэрний утга угтаа “Диваажин”. 2010 оны хүн амын тооллогоор тус хот 26 мянган оршин суугчтай байжээ. Гэвч, түймрийн улмаас хотын сургууль, цэцэрлэг гэх мэт бүхий л байгууламж үнсэн товрог болж, зарим хэвлэл “Диваажингийн хот сүнстэй хот болон хувирлаа” хэмээн тодотгон мэдээлэх болов.
Ой хээрийн түймэр анх энэ сарын 8-нд асч эхэлсэн юм. Түүнээс хойш мужийн онцгой байдал, аврах албаныхан галыг унтраахаар зогсолтгүй ажиллаж байгаа ч, 30 метр секундын хүчтэй салхины улмаас түймэр илүү өргөн хүрээнд тархсаар байгаа аж.
Галыг унтраахаар ажиллаж буй зэргэлдээх мужийн гал сөнөөгч Марк Нис “АП” агентлагт “Сүйрэл болж байна. Бид олон ч ой хээрийн түймрийг цурманд оруулж байсан. Гэхдээ ийм сүйрлийг анх удаа л харж байна” хэмээн ярьжээ.
Харин тус хотын оршин суугч Рэнди Стамп “Guardian” сайтад “Иракийн дайн шиг санагдсан. Бүх зүйл нүдний өмнө юу ч биш болж байсан. Яг л хар дарсан зүүд шиг” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Тэрбээр түймрийн утаа байшинг нь бүрхэхээс өмнө юу ч мэдэлгүй гэртээ байжээ. Утас, холбоо барих ямар ч хэрэгсэл нь ажиллахгүй болсон байсан тул юу нүүрлэж буйг ч огт мэдээгүй байна. Гэтэл хар утаа орчинг бүрхэж, галын нисдэг тэрэг нисэх үед л түймэр гарсныг ойлгожээ. Түүн шиг олон хүн гэртээ алгуурлаж хоцорсон байж болзошгүй учраас амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байна.
“Хоёр хүү, ач маань үхсэн, амьдын аль нь болохыг би мэдэхгүй байна”
Аврах албаныхны иргэдийг гамшгийн үеийн орогнох байруудад хүргэжээ. Тэнд олон зуун иргэд гэр бүлийнхэн нь аюулгүй байгаа эсэх талаарх мэдээллийг хүлээж байна. Тэдний зарим нь шатаж буй хот руу үр хүүхэд, тэжээвэр амьтдаа авчрахаар явахыг оролдох бөгөөд цагдаагийн алба хаагчид тэднийг зогсоож, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байгаа гэнэ. Хоргодох байранд буй оршин суугчдын нэг болох Кати МакКрэйри гэх настай эмэгтэй хоёр хүү, нэг ач нь амьд мэнд эсэхэд санаа зовнин суух аж. Тэрбээр хэвлэлд “Тэд маань үхсэн, эсвэл амьд байгаа юу гэдгийг би мэдэхгүй байна. Би Чико дахь хоргодох байранд очсон. Тэд тэнд байгаагүй. Хаашаагаа харахаа ч мэдэхгүй сууна” хэмээсэн байна.
Харин өөр нэгэн оршин суугч болох Колвард “Манай герман хоньчин тэнд үлдсэн. Бид буцаж чадахгүй байна. Тэр тэндээ л байгаа байх” гэж ярьжээ.
Олны танил алдартнуудын харшууд шатжээ
Ой хээрийн түймрийн улмаас АНУ-ын хэд хэдэн тансаг харш нурам болжээ. Гэхдээ тэдний харш Парадайст бус наран шарлагын газар бүхий далайн эргийн Малибуд байрлаж байсан юм. Түймэр Парадайс хотыг бүхэлд нь сүйтгэснээс гадна Малибуг ч газрын зурагнаас арчиж болзошгүй байна.
Малибу дахь реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг, хожим хүйсээ солиулсан Кайтлин Женнерийн байшин шатсанаас гадна “The Hunter killer”” киноны од Жерард Батлерын 2016 онд 6.45 сая ам.доллараар худалдан авч байсан харш нь түймэрт өртөж, үнсэн товрог болжээ. Жерард Батлер шатсан байшингийн өмнө авхуулсан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлж, энэ талаар мэдээлсэн байдаг.
Мөн Камиль Грэммерийн 3.2 сая, Робин Тикийн 2.4 сая ам.долларын үнэтэй байшин нь түймэрт өртсөн талаар мэдээлж байв. Үүнээс гадна залуу дуучин Майли Сайрус ч харшаа алджээ.