ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

CNN Цагаан ордны эсрэг гомдол гаргав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай маргалдсан гэх шалтгаанаар CNN агентлагийн сэтгүүлч Жим Акостагийн Цагаан ордон руу нэвтрэх эрхийг нь хассан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор CNN агентлаг үндсэн хуулиар олгогдсон сэтгүүлчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлээр Доналд Трамп болон түүний Тамгын газрын албан тушаалтнуудын эсрэг гомдол гаргажээ.

Энэ талаар CNN мэдэгдэл гаргасан байх бөгөөд тэрхүү мэдэгдэлдээ Вашингтон хотын шүүхэд хандсан гэдгээ дурьдсан байна. Мөн “Цагаан ордон руу нэвтрэх эрхийг хассан нь CNN болон сэтгүүлч Акостагийн Үндсэн хуулийн нэг болон тавдугаар зүйлд заасан үг хэлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан” гэжээ. Улмаар тус агентлаг болон сэтгүүлчийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг нь сэргээхийг шаардсан байна. Мөн ийм явдал бусад хэвлэл мэдээллийн байгууллага дээр ч давтагдах боломжтойг анхааруулжээ.

Харин Цагаан ордон CNN-ы гомдлыг олны анхаарал татах оролдлого төдий гэх тайлбар хийсэн байна. Хэргийг эргэн сануулбал, энэ сард явагдсан АНУ-ын Завсрын сонгуулийн үр дүнгийн талаар Доналд Трампыг мэдээлэх үеэр сэтгүүлч Жим Акоста микрофоноо бусад сэтгүүлчдэд дамжуулалгүй дүрвэгсдийн талаарх бодлогыг нь ээлж дараалан асууж, Ерөнхийлөгчөө уурлуулан маргалдсаныхаа дараа Цагаан ордон руу нэвтрэх эрхээ хасуулсан юм.