ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танай, манай дарвалзуур

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-23

Дунд сургуульд байхад манай ангид нэг, нөгөө ангид бас нэг дарвагар байдаг байлаа. Хүүхдүүд л болсон хойно аманцар, ангалзуур, хэрүүлч, заргач нэгнээ дарвайчаад, дарвагар, дарваганаад байгаарай энэ тэр гэдэг дээ. Нэг тийм л дарвалзсан хоёр байсан юм. Нөгөө ангийнхыг бид тэдний дарвагар гэж нэрлэнэ. Тэдний дарвагар нэг хэсэгтээ л их дарвалзсан. Сургуулийн захиргаанаас санаачилж хийж байгаа ажил түүнд огт таалагддаггүй байж билээ.

Тиймээс тэрүүхэн тэндээ бага сага тэмцэл өрнүүлнэ ээ, бас. Багш нартай хэл амаар үзнэ. Бүр сургуулийн захиралд хүртэл өргөдөл бичиж өгч, хэрэндээ “од” болж билээ. Хэл ам хийсээр байгаад салааны дарга болоодохсон. Бас хөөрхөн үймээнч. Сургуулийн өмнөх талбайд үймээн тарьж, микрофон олдсон дээр нь ашиглаж, багш нарыг хүний эрх зөрчиж байгаа талаар хэд гурван үг хүртэл хэлж байсан удаатай. Биеийн тамирын багш түүнийг хүчээр болиулж, чирч гулдран одсон юмдаг. Сүүлдээ сумын хэсгийн төлөөлөгч түүнийг сайтар хашрааж, нус нулимстай нь хутгаснаас хойш ханд нь хага дарагдсан. Сүүлд дээд сургууль төгссөнөөсөө хойш суманд хүмүүсийн эрх ашгийн төлөө ажилладаг мэргэжилтэн болсон. Бас л дунд сургуульд байхдаа дарваганадаг шигшээ нэг хэсэг дөвчигнөсөн.

Суманд ажиллаж байгаа байгууллага болгонтой заргалдаж, бичиг сачиг шидэж явлаа. Шатахуун түгээгүүрийн газраас эхлээд сумын шуудан холбооны салбарыг хүртэл шударга ажиллахгүй байна гэж шууруулсан удаатай. Хэчнээн дарваганасан ч мань эр иргэдэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх нь чухал гэдгийг мэдрүүлсэн. Одоо сумын намын үүр хавиар эргэлдэж, хүрд эргүүлэх боломж олдохыг хүлээж суугаа. Гэхдээ бас яаж зүгээр байх билээ. Хааяа дарвалзана аа. Сурсан юмыг сураар боож болох биш. Засаг дарга муу ажиллаж байна, сум орон нутаг хөгжсөнгүй, ард түмэн ядуу байна гэж ирээд л дөвчигнөх. Нөгөө нам нь ялсан болохоор хүрд эргүүлэх боломж хүлээгээд, хаа нэг унаган зангаа санагалзан, намын жижиг цагаан байр хавиар эргэлдэнэ.

Манай ангийн дарвагар бүр ч их дарвалзана. Сурлагадаа жаахан тааруухан, гадуур их тэнэдэг болохоор ч тэр үү, ерөнхийдөө бор царайтай. Хар гэхэд ч болно. Эхэндээ ангийн урлагийн үзлэг хөтөлж, зарлагч хийдэг байлаа. Сүүлдээ сургуулийн атаман гэсэн ах нартай нийлж, тэдний гар хөл болж, үүргэвч цүнхийг нь барьж давхисан. Сургуулийн захиралд ч их долигоносон байх. Нөгөө ангийнхаа хүүхдүүдийг матна, муулна. Атамануудаар зодуулна, загнуулна. Харин өөрийнхөө нийлдэг ах нарыг өөд уруугүй магтана. Эцэг, эхийнхээ өгсөн хэдэн төгрөгөөр хоол, цай авч өгч, захиралд ч хүртэл доль цохиж явсан. Энэ үйлдэл нь сургуулийнхан битгий хэл сумынханд таалагдаагүй юмдаг. Сүүлд хэтэрхий шалчигнаж байж сургуулийн хэдэн атаманаар жаахан элдэвлүүлж, ганц хоёр шанаа авсан байх. Гэсэн ч түүний зан засраагүй. Бүр сумын намын үүрийнхэнд доль цохиж явсаар нэг байгууллагын орлогч болсон.

Сурлага муутай хүүхэд байсан болохоор их, дээд сургууль төгссөн эсэхийг бүү мэд. Ямар ч байсан дарга нарт долигнож, ар, өврөөр нь гүйсээр байгаад нэг юм ажилтай болоод авсан байсан. Дарга болохоосоо өмнө сумын өмнөх удирдлагуудыг элдэвлэж, хийсэн ажлаа ил тод тайлагнасангүй, олон хүнд мэдээлсэнгүй гэж дайрдаг байлаа. Эгээтэй л орой гэртээ хариад идсэн хоолныхоо махыг ямар мөнгөөр авсныг сумын иргэдэд тайлагнах ёстой гэж тэнэгтээгүй байх. Гэхдээ тэгсэн байж ч магадгүй. Төрийн албанд ороод засрах болов уу гэтэл тэгсэнгүй. Өнөөх ил тод байх ёстой, гэртээ камер тавь гэж шаардах нь холгүй байсан хүн өөрөө таг болсон. Харин суманд цахим хэрэглээ нэвтэрч, идэвхжиж эхэлснээс хойш түүгээр л бусдыг муулж, элдэв бүтэхгүй зүйлд уриалж, дарвалздаг болов. Сургуулийнхаа найзыг онц сурдаг байсан мөртлөө муу сурдаг найздаа хуулуулдаггүй байсан тэнэг амьтан, тэрнээсээ болоод одоо ядуу амьдарч яваа хохь нь гэж даапаалсан сурагтай. Үнэн додигор байгаа биз. Сумын засаг ноёны татаасаар явж байгаа хүнийг яалтай ч билээ. Байгаад ч нэмэргүй, байхгүйд ч гарзгүй нэг тийм суудалд суучихаад онгирч өгч байна гэнэ.

Дарвагар хоёр маань ойрдоо тун их завгүй дэрвэлзэж яваа гэж сумаар нэг яриа болж байна гэнэ. Мөдхөн засаг төрийн сонгууль ч болно биз. Энүүгээр, тэрүүгээр явдал суудал нь ч ихсэх биз, манай хоёрын. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг юм болохоор нэг л өдөр сумын төвийн гол дэлгүүрийн үүдэнд сууж тааралдах байх л даа. Тэр үед ганц ганзай авч өгчихөөд бөгсөн дээр нь бүлээхэн жин тавиад явуулахаа мэдье ээ. Манай сумынхан иймэрхүү л яриатай өвөлжиж, хаваржлаа. Зун болж, наадам ч ойртлоо.