Сүүлийн үед шатахуун хэрэглэгчдийн дунд хуурамч бензин борлуулж, шатахуунаа дутуу шахаж байна гэсэн гомдол их гарах болсон. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвагаас тодрууллаа.
-Монголын шатахуун хэрэглэгчийн холбооноос хуурамч бензин борлуулж байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн сарын 04-ний өдрийн TV-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хяналт, шалгалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ асуудлыг ШӨХТГ анхааралдаа авч, тухайн асуудлыг хөндөн тавьж байгаа төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал бодлыг нь сонссон. Автомашин эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө бид ажиллана. Гэхдээ тухайн зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн яг бодитой байгаа эсэх асуудал дээр мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалтыг хийлгэж байгаа. Мэргэжлийн дүгнэлт буюу хариу гарсны дараа тодорхой хариултыг манай байгууллагын зүгээс өгөх болно. Энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын тос, ашигт малтмалын хэрэг эрхэлсэн газар, Гаалийн ерөнхий газар зэрэг мэргэжлийн газар, агентлагуудтай нь хамтран хяналт шалгалтын ажил эхлүүлсэн.
-Иргэдээс шатахуун дутуу шахаж байна гэсэн гомдол санал нэлээд гардаг. Танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Манайх иргэдээс ирсэн гомдол саналын дагуу найман аж ахуйн нэгж байгууллагын 10 станцад хяналт шалгалтын ажил хийсэн. Шалгалтын явцад дутуу шахсан асуудал илрээгүй ч “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний хоёрдугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрсэн. Уг зөрчлийг шалгаж үзээд дутуу бензин шахсан байж болзошгүй гэх үндэслэлээр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу тус компанийг таван сая төгрөгөөр торгон, холбогдох байгууллагуудад станцыг лацдуулах арга хэмжээ авч, шийдвэрлүүлсэн.
-Шатахуунтай холбоотой зөрчлийн асуудал үүссэн тохиолдолд иргэд, хэрэглэгчид хаана хандах ёстой вэ?
-Хамгийн гол нь иргэд өөрсдөө хяналт тавьж ажиллахыг манай зүгээс хүсч байгаа юм. Хэрэв зөрчилтэй үйлдэл илэрвэл 1800-1284 утсанд хандах боломжтой. Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллахад бэлэн байна. Цаашид энэ дутагдлаа арилгалгүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуйн нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авна.
-Иргэд шатахуун гэлтгүй бусад бүхий л зөрчилтэй асуудал байвал танайд хандах боломжтой юу?
-Тийм. Бид ШТС-уудаас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох тогтоомжуудад нийцэж буй эсэхийг шалгасан. Шалгалтын явцад зарим төвүүдэд зарагдаж буй 5-25 килограммын савалгаатай гурил баталгаат жингээсээ даруй 300-800 граммаар дутаж байсныг илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, дутагдлыг арилгах үүрэг өгсөн. Мөн иргэд ч өөрсдийн худалдан авч буй бүтээгдэхүүнээ баталгаат жиндээ хүрч байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулсан байгаа.