Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаар дагнан ажилладаг цөөхөн хуульчийн нэг бол Д.Оросоо юм. Ардчилсан нийгмийн үед сэтгүүлчийн мэргэжлийн эрх, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд ноцтой халдаж буй Зөрчлийн хуулийн асуудлаар түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Зөрчлийн хууль маш өргөн хүрээг хамарсан. Заалт нэг бүрийг нь шүүмжилж ярина гэвэл бидний ярилцлага хэдэн арван хуудас болно. Тиймээс зөвхөн сэтгүүлчийн бичих, нийтлэх эрхэнд халдаж буй Зөрчлийн хуулийн зүйл заалтыг онцолж ярьсан нь зөв гэж бодлоо?
-Зөрчлийн хууль бодит амьдралд тэр бүр нийцэхгүй байна гэдгийг хуульзүйн салбарын олон эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Боловсруулж байх үеэс л мэргэжлийн хуульчид дуу хоолойгоо илэрхийлж, санал бодлоо хэлж байсан юм билээ. Гэвч хууль батлагдсан. Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дарамт учруулсан, тэдний чөлөөт байдлыг хааж боосон шинжтэй зүйл заалтууд их бий. Нэг үгээр хэлбэл, төр нь иргэнээ дарамталсан хууль болсон. Хүмүүс амьдрал дээр биеэрээ мэдэрч их бухимдалтай байх шиг байна. Хууль бол нийгмийн гэрээ гэж үзэх юм бол гэрээний нэг тал болсон иргэдийн чөлөөт байдал хязгаарлагдаж, төрийн дарамт, ашиг сонирхол илт давамгайлах болсон. Манай нийгэм хөгжихийн зэрэгцээ нийгэмд зөрчилтэй олон зүйл бий. Хэдий тийм ч төр засаг иргэндээ үйлчлэх гэж байдаг, түүнээс биш иргэнээ хянах, торгох, дарамтлах гэж биш. Төр гэдэг бол засгийн эрхийг сонгуулиар олж авсан бүлэг хүмүүс шүү дээ. Тэдэнд олон нийтийн сайн хяналт хэрэгтэй гэдэг нь 60 тэрбум, ЖДҮ-ийн зээлийн бялуунаас харагдаж байгаа биз дээ.
Тэр олон нийтийн хяналт нь үг хэлэх, мэдээллийн эрх чөлөө юм. Ойрын үед Зөрчлийн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлагатай. Зөрчлийн хууль иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд хязгаарласан, хянасан хууль болж хувирсан л даа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайж олж авах хамгийн үнэт эрх чөлөөг хязгаарласан гэдэг нь олон зүйлээс харагддаг юм. Нийгэм өөрөө ямар байгаа билээ. Улс төрийн нам, төр засаг нь авлигад идэгдсэн, төрөл саднаараа нийлээд жирийн иргэдэд очих ёстой зээлийг нь хуваагаад авчихлаа. Энэ бүхэнд бухимдсан хүмүүс үзэл бодлоо янз бүрээр илэрхийлэхээр гүтгэлээ гэж амыг нь барих, айлгаж сүрдүүлэх хэрэгсэл нь Зөрчлийн хууль болж байна. Энэ бүхнийг иргэд, мөн хэвлэл мэдээлэл хардаж сэрдэж, баримттай олон нийтэд түгээж байж л улс төр болоод нийгэм өөрөө цэвэрших ёстой биз дээ. Гэтэл энэ бүхнийг харсан ч, сонссон ч дуугүй байх ёстой гэж хэлсэнтэй адил агуулга Зөрчлийн хуульд байна. Сошиал орчинд сэтгэгдлээ бичсэн хүн бүхнийг толгой дарааллан Зөрчлийн хуулиар шалгах, шийтгэх хэмжээнд л эрх зүйн орчин бүрдсэн байгаа юм. Хүний нэр төр, алдар хүнд, хувь хүний болон бизнесийн нууц бол чухал. Үндсэн хуульд ч хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх ёстой гэсэн үндсэн үүрэг байгаа. Гэхдээ төр засгаа байгуулсан сонгогч иргэнд байдаг, төрөө хянах зорилготой үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хавчиж, хуулиар сүрдүүлж болохгүй.
-Цагдаагийн байгууллагын үүдэнд сэтгүүлч тэр байтугай энгийн иргэд хүртэл Зөрчлийн хуулиас үүдэж шалгуулна гээд сууж байгаа. Гэтэл өмнө нь Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэдэг заалт байхад ингэж олуулаа хуулийн үүд сахиж байсан тохиолдол байхгүй шүү дээ. Эрүүгийн хуулиас салгачихлаа гэж баярлаад байсан чинь буруу болж таарч байх шиг?
-Хуулийн талаар иргэд, хууль хэрэглэж байгаа цагдаа, прокурор ч ойлголт дутмаг байгаа гэдэг нь үнэн. Хуулийг олон нийтэд сурталчлах талаар төрийн байгууллагууд тааруу ажилласан. Тэгээд мэдээлэл түгээсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгон дуудагдаж байна. Өөрийгөө өмгөөлж чадахгүйгээс олон хүн торгуулийн арга хэмжээ авахуулсан байгаа юм. Хууль батлагдсанаас хойш нийт 100 гаруй сэтгүүлч Зөрчлийн хуулиар шийтгүүлж, улсын төсөвт торгуулиа төлсөн гэх судалгаа гарсан байна лээ. Хүний нэр төр, алдар хүндэд халдах, нэр хүндийг гутаадаг маш олон арга хэлбэр байдаг. Түүнд тохирсон хуулийн зохицуулалт байдаг юм. Хүний нэр төрийг ноцтойгоор гутаадаг хүнд хоёр хэлбэр нь гүтгэх, доромжлох явдал. Хууль зүйн агуулгаар бол гүтгэх, доромжлолыг бол хэзээ ч зөвтгөж болохгүй. Өмнө Эрүүгийн хуульд энэ хоёр зүйл анги тусдаа байсан. Худал ташаа мэдээлэл болгон гүтгэлэг биш. Хуучин Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн гол уялдаа, ялгаа нь хүний нэр төрийг гутаасан гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдээд, түүнээс бусад маргааныг Иргэний хуулиар шийддэг байсан юм. Гэтэл Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг авч Зөрчлийн хуульд оруулахдаа маш том алдаа гаргасан. Гүтгэх гэсэн эрх зүйн ойлголтыг бүрхэгдүүлж, хүрээг нь тэлсэн.
Гүтгэх, доромжлох гэсэн тусдаа хоёр эрх зүйн ойлголтыг Зөрчлийн хуульд нэгтгэчихээд будлиад байна л даа. Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол гүтгэлэг гэж тооцох ёстой юм. Гэтэл цэвэр гүтгэлэг биш, нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай иргэний шинжтэй маргаан ч гүтгэх гэдгээр Зөрчлийн хуулиар шалгагдах эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ алдаанаас болоод үнэн хэрэгтээ иргэний эрх зүйн шинжтэй нэр төртэй холбоотой маргаан Зөрчлийн хуулиар шалгагдаж байна, цагдаагийн байгууллагын ачаалал ч ихэсчихсэн. Маргаантай нийтлэл, мэдээллээс улмаас нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагад өгдөг боллоо. Амьдрал дээр иргэний шүүхэд хандаж тав, зургаан сар явж байснаас шууд гүтгэх зөрчил гэж үзээд цагдаад хандах нь амар хялбар болж байна. Нэр төртэй холбоотой иргэний эрх зүйн агуулгатай маргааны шинжтэй асуудлыг Зөрчлийн хууль руу давхардуулан оруулан ирж хольсноос үүдэж ийм замбараагүй байдал бий болчихоод байгаа гэсэн үг. Энэ нь цаашдаа нэр төр гутаасан гэж иргэний шүүхэд хандсан тоо буурч, гүтгэх зөрчлөөр цагдаагийн байгууллагын шалгасан тоо өснө гэсэн үг. Эцсийн дүндээ Зөрчлийн хууль нь үг хэлэх үндсэн эрхтэй зөрчилдөж байна гэсэн үг. Цаашид Зөрчлийн хуульд гүтгэх гэдэг ойлголтыг жинхэнэ хууль зүйн утгаар нь тодорхойлох, доромжлох зөрчлийг тусад нь тусгаж өгөх юм бол гүтгэх, доромжлох зөрчлийн хэрэг, нэр төр, алдар хүндтэй холбоотой иргэний хэргийн зааг ялгаа тодорхой болж, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн ардчиллын хууль зүйн баталгаа буцаж сэргэнэ.
-Баримттай мэдээллийг олон нийтэд түгээх боломжийг төр энэ хуулиар хаачихлаа. Цагдаад дуудагдаад очихоор “чи зөрчил гаргасан бол торгуулиа төл” гэдэг шаардлага тавьдаг. Тухайн хүнтэйгээ ойлголцолд хүрч, гомдлоо эргүүлж татсан байсан ч та зөрчил гаргасан учраас улсын төсөвт мөнгөө төл гэдэг хүчирхийлэл байж болохгүй биз дээ?
-Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай мэдээлэл, нийтлэл дээр албан тушаалтан, иргэн гомдол гаргавал бүгдийг нь Зөрчлийн хуулиар өргөдөл, гомдлыг авч шалгаж байна. Энэ нь нэг талаараа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хоолойг боомилж байгаа хэрэг юм. Мэргэжлийн сэтгүүлч баримттай, ул суурьтай мэдээлэл, нийтлэл бичих эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу бичсэн мэдээлэл, нийтлэлийнхээ төлөө цагдаагийн байгууллагад дуудагдах биш, шүүх дээр мэтгэлцэх ёстой юм.
-Дуудсан тоогоор нь очих ёстой юм уу. Хэн дуртай байцаагч нь дууддаг. Улстөрчөөс таны талаар ийм баримт байна аа гээд асуухаар урдаас Зөрчлийн хуулиар явах вий дээ гэх мэтээр сүрдүүлнэ?
-Дуудсан үед очихоос өөр арга байхгүй юм. Гэхдээ сэтгүүлчид өөрсдөө өмгөөлөгчтэй байх ёстой. Тайлбараа сэтгүүлчид хуулийн хүрээнд үндэслэлтэй гаргаж өгөх ёстой. Иргэний шинжтэй маргаан учраас энэ асуудал иргэний шүүхээр явах ёстой гэдэг тайлбараа хэлж байх хэрэгтэй юм. Нөгөө талаас энэ бол нотолгоотой баримт юм гэдгээ тов тодорхой тайлбарлаж, өөрийгөө хамгаалах талаар хууль зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мөнгө аваад идчихсэн улстөрчийн баримтыг гаргаж тавьсны төлөө сэтгүүлч хариуцлага хүлээж болохгүй. Нөгөө хүний эрх, ардчилсан эрх чөлөө юу болох билээ. Хоёрдмол агуулгатай хуулийн гажиг л ийм ноцтой үр дагавар учруулж байна. Хууль сахиулах, хууль хяналтын байгууллагын албан хаагчдын үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зэрэг үндсэн эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй юм. Хүний хэлсэн, бичсэн үгийг шүүнэ гэдэг бол тухайн байцаагчаас маш их чадвар шаардах ёстой асуудал. Хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг тунгааж байна гэсэн үг. Тиймээс л ихэнхи нэр төртэй холбоотой маргаан Иргэний хуулиар явдаг нь учиртай.
-Байцаагч хүсвэл 10 сая төгрөгөөр байгууллагыг торгоно. Бөөн арга чарга болж элдвээр аашилж байж сэтгүүлч нь хоёр сая төгрөгөөр торгуулиад өнгөрөх жишээтэй?
-Хэвлэлийн эрх чөлөөнд эдийн засгийн дарамт бий болж байгаа хэрэг. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ хууль нь эдийн засгийн хувьд оршин тогтнох боломжгүй болгох эрсдэлтэй. Тиймээс байцаагч үзэмжээрээ хоёр сая төгрөгөөр торгодог.
-Энэ сэдвийг энд хүргээд хаая гэж бодлоо. Та саяхан ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчидтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсэн байна лээ. Нэр бүхий хуульчид нь төр ард түмний өмнө өргөсөн тангаргаасаа няцсан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүдийг Цэцэд өгсөн байна лээ. Энэ талаар таны бодол?
-УИХ-ын гишүүн бол ард түмний эрх ашгийг төлөөлж ажиллах үүрэгтэй. Мэдээж төсөв батлах нь тэдний ажил. Гэхдээ баталсан төсвөөсөө өөрсдөө давуу байдлаа ашиглаж авсан байна гэдэг нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ зээл улстөрчдөд зориулагдаагүй. Эгэл жирийн иргэдэд очих ёстой үйлдвэрлэлийг дэмжих зээл, харин албан тушаалаа ашиглаж, эгэл иргэдээ ялгаварлан гадуурхаж эрх мэдлээ урвуулж ашигласан үйлдэл юм шүү дээ. Эрүүгийн хуульд маш тодорхой байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ урвуулан ашигласан бол хүндрүүлж авч үздэг юм. Тиймээс Эрүүгийн хуулиар шалгаад явах үндэслэлтэй. Хэрэг үйлдсэн нь нотлогдвол УИХ-ын гишүүнээс шууд эгүүлэн татах журамтай.
-Прокурор түдгэлзүүлэх ёстой гэхээр хууль зөрчөөгүй гээд хамгаалаад үлдчих юм байна шүү дээ?
-Хараат бус, бие даасан байдлаар асуудалд хандвал түдгэлзүүлээд шалгах ёстой юм. Даанч өөрсдөө үгсэн тохирч энэ сангаас зээл авсан учраас нэг, нэгийгээ хамгаалаад байгаа хэрэг. Б.Батзориг сайдын тохиолдолд гишүүнээс түдгэлзүүлээд шалгах л ёстой байсан.
-Хуулийг хүн болгон өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж байна шүү дээ. Та ингэж ярьдаг, эрх баригчдад үйлчилж байгаа хуульч дахиад өөр зүйл ярина. Тэр байтугай баталсан улстөрчид нь хүртэл хуулийг янз бүрээр тайлбарлаад байхаар дунд нь иргэд төөрөлдчих юм?
-Ардчилсан нийгэмд хууль л хаан байх ёстой юм. Гэтэл энэ нийгэмд эрх мэдэл, албан тушаалтай хүн хаан байна. 1992 онд Шинэ Үндсэн хуулиараа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим юм гэж тодорхойлоод урагшаа явсан. Гэвч хуулийг уландаа гишгэж, улс төрийн, хувийн хандлагаар хуулийг илтэд буруу тайлбарлаж, хуулийг гууль болгож байна. Бүх л гол харилцаа хуулиар зохицуулах ёстой. Албан тушаалтны харцаар хуулийг хэрэгжүүлж болохгүй биз дээ. Улс төр, эрхзүйн дараагийн хүлээгдэж байгаа шинэтгэл бол Монгол Улсад хууль засагладаг, хууль нь хаан байх асуудал юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэж байдаг. Гэтэл хууль биелүүлдэг, хэрэгжилтэд санаа тавьж байсан хэдэн Ерөнхий сайд байсан билээ. Мөн “Монгол Улс хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөж, төрийн албаны ёсзүйг чанд мөрдүүлж, авлигыг арилгана” гэж “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан байгаа.