АНУ-ын Чикаго хотын “Мерси” гэх эмнэлэг рүү зэвсэгт этгээд халдаж, гурван хүний амийг бүрэлгэжээ. Гэмт этгээд болох 32 настай Жуан Лопез эмнэлгийн гаднах машины зогсоол дээр тус эмнэлэгт ажилладаг өөрийн сүйт бүсгүй Тамара Онильтэй хувийн харилцааны улмаас маргалдсаныхаа дараа уг хэргийг үйлдсэн байна.
Тэрээр сүйт бүсгүйгээ хөнөөснийхөө дараа эмнэлэг рүү орж, гал нээн нэгэн дадлагажигч эмчийг бууджээ. Улмаар хэргийн газарт цагдаа нар ирсний дараа тэдэнтэй буудалцаж, цагдаагийн офицер Самуэл Жиминезийг хүнд шархдуулсан байна. Гэмт этгээд хэргийн газарт амиа алдаж, цагдаагийн офицерт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, шархаа дийлэлгүй нас баржээ. Одоогоор хэрэгтэн амиа хорлосон уу, эсвэл цагдаа нарын суманд оногдсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Статистик мэдээгээр энэ онд АНУ-д буудуулсны улмаас 25 мянган хүн шархдаж, 13 мянган хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын 250 нь цагдаагийн ажилтан байжээ.