Испанийн Ерөнхий сайд Педро Санчез 2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Португал, Мороккотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Морокко улсын нийслэл Рабат хотод тус улсын зургадугаар Мохаммед хаанд бараалхсан бөгөөд үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тэрбээр “Морокко, Португал, Испани хамтарч, Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах саналыг Мороккогийн Засгийн газар болон Мохаммед хаанд танилцуулсан. Ингэснээр Европ, Африк хоёр тивийн улсууд хамтран ДАШТ зохион байгуулах эрх авахаар өрсөлдөж буй анхны тохиолдол болж байна. Мороккогийн хаан ч саналыг маань эелдгээр хүлээж авсан” хэмээн онцолсон байна.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Морокко таван удаа ДАШТ зохион байгуулах хүсэлт гаргасан ч, бүтэлгүйтэж байв. Хамгийн сүүлд гэхэд 2026 оны ДАШТ зохион байгуулахаар өрсөлдсөн ч, АНУ, Канад, Мексикт ялагдсан удаатай. Тэгвэл 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Уругвай, Аргентин, Парагвай гэсэн гурван улс хамтран зохион байгуулахаар өрсөлдөж буйгаас гадна Грек, Болгар, Румын, Серби зэрэг дөрвөн улс, Их Британи, Ирланд зэрэг улсууд хүсэлтээ гаргасан байна. Гэхдээ ДАШТ-ийг зохион байгуулах улсыг 2020 оноос албан ёсоор тодруулах юм байна.