Ким Лим: Хүмүүс надаас аавтайгаа танилцуулж өгөөч гэж гуйдаг

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-23

Дэлхийн хүн амын ердөө нэг хувь нь л 99 хувьд ногдох хүн амын нийт эзэмшиж буй хөрөнгийг эзэмшдэг гэх судалгаа бий. Тиймээс 99 хувьд хамаарах хүмүүс тэрхүү нэг хувьд ногдох чинээлэг амьдралын талаар төсөөлөл төдий ойлголттой байдаг гэх. Тэгвэл энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа нэг хувьд ногдох чинээлэг эрхмийн нэг болох Сингапурын тэрбумтан Петер Лимийн  охин Ким Лимийн амьдрал, гэр бүл, бизнесийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг сонирхуулахаар бэлтгэлээ. Дашрамд дурьдахад, тэрбээр саяхан манай улсад айлчилж, амьжиргааны төвшин доогуур өрхөд өргөө цагаан гэр бэлэглээд буцсан юм.

-Сайн уу, Ким Лим. Чи огт өөрчлөгдөөгүй байх чинь. Багын мяраалаг охин байсан, тэр л хэвээрээ?

-Би бага байхын л ийм байсан. Чи мэдэх билүү, би бага сургуульд байхдаа тураах клубт явдаг байсан шүү дээ.  Хүмүүс намайг тарган гэж шоолдог байсан болохоор үргэлж л толины өмнө өөрөө өөртэйгөө тэмцэлддэг байлаа. Бага хэмжээгээр жин хассан ч гэсэн тэр нь хангалтгүй санагддаггүй байсан. Мэдээж, бүх охидод л ийм мэдрэмж төрдөг байх.

-Чамд “Хэрэв би олны танил биш байсан бол бусдад яаж харагдах нь чухал биш байх байсан” гэх бодол төрж байв уу?

-Тийм. Үргэлж л бусдад сайхан харагдахын төлөө л хичээдэг байлаа. Үүний төлөө л  амьдралынхаа турш хоолны дэглэм барьж байна. Гэхдээ жирэмсэн болж, хүүхэд төрүүлснийхээ дараа эрүүлээр жингээ хаяхад илүүтэй анхаарах болсон. Хоол идэх хэрэгтэй гэдгийг би мэддэг болсон гэсэн үг. Өмнө нь турахын тулд хоолоо сойсноос болоод одоо ходоодны асуудалтай болчихсон.

-Саяхан ээж болсон шүү дээ. Гэхдээ ээж болоход хэтэрхий залуу юм шиг санагдаагүй юу?

-Үгүй. Аав маань надад залуудаа хүүхэд гаргаарай гэж захьдаг юм. Манай эмээ ч гэсэн “Чиний насан дээр хүмүүс хоёр хүүхэдтэй байна” гээд л үглэдэг.

-Хэн юм бол?

-Мэдэхгүй ээ/инээв/. Аав 12 зээтэй болохыг хүсдэг. Хүүхдэд маш их хайртай.

-Ээж болсноор амьдралд чинь  юу өөрчлөгдөв?

-Илүү утга учиртай, зорилготой амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үр минь бидэндээ ирснээр, миний амьдрал илүү гэрэл гэгээтэй болсон.

-Жирэмслэх ямар байв даа. Хордлого өгсөн үү?

- Дажгүй. Гэхдээ өглөөг жаахан онцгүй эхэлдэг байсан. Хордлогоноос болоод өглөө идсэн юмаа бүгдийг нь бөөлжөөд гаргачихдаг байлаа. Ер нь жирэмсэн байх хугацаандаа аль болох олны нүднээс дөлж амьдарсан. Ихэвчлэн аялсан даа.  

-Ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна вэ?

-Би гурав, эсвэл дөрвөн хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ ойрхон жирэмслэхийг хүсэхгүй байна. Магадгүй дараа жилийн сүүлчээр ч юмуу.

-Нийгмийн сүлжээнээс ч гэсэн хэсэгтээ хөндийрсөн байх?

- Тийм ээ, би одоо л нийгмийн сүлжээг дахин бага багаар ашиглаж эхэлж байна. Хүссэн бүхнээ иддэг тэр цаг мөчөө их санасан байна лээ. Тэр үед өөрийгөө тарган л гэж боддог байсан бол энэ удаа ядаж л хэрхэн хөгжилдөхөө мэддэг болсон. Өдөр бүр тольны өмнө зогсоод өөртэйгөө тэмцэлдэх шаардлагагүй. Гэхдэ төрснийхөө дараа жингээ хаяна гэж би өөртөө амласан. Энэ бол миний анх удаагаа мэдэрсэн зүйл.

-Нийгмийн сүлжээнээс түр завсарлага авсны дараа гадуур явахад чинь хүмүүс ер нь таньж байсан уу?

-Жирэмсэн болсны дараа нэлээд жин нэмсэн болохоор хүмүүс “Энэ Ким мөн үү” гэсэн харцаар хардаг байсан. Би нэг удаа  гэрээ тохижуулах санаатай тавилга авсан юм. Гэтэл дэлгүүрт байсан нэг охин “Чи Ким Лимтэй ямар адилхан юм бэ” гэсэн. Тэр үед нэг үеэл маань надтай хамт явж байсан юм. Тэр “Огтхон ч адилхан харагдахгүй байна” гэж хэлсэн чинь нөгөө охин “Үгүй юмуу” гэж билээ. Би хүүхдээ төрүүлэхдээ 83 кг хүртлээ таргалсан юм чинь.

-Кайдены талаар яриач?

-Хүү минь их хөгжилтэй. Дүр эсгэхийг мэдэхгүй,зөрүүд. Одоо бол байнга л тэврүүлэх гээд байдаг болсон. Орон дээр нь тавингуут л уйлна шүү дээ. Би чамд нэг бичлэг үзүүлье. Үүнийг хараад чи ойлгох болно. /Ингэж хэлээд тэрбээр Кайдены бичлэгийг үзүүлэв/

-Нярай хүүхдийг асрахад юу нь хамгийн хэцүү байв?

-Тэр минь их сайн хүү. Шөнө унтахад нь хажууд нь асрах шаардлагагүй. Харин үүрээр 5:00 гээд сэрээд, намайг өөрийг нь автал, уйлж чарлана. Хамгийн хэцүү нь энэ  байгаа ч, би жаргалтай байна.

-Кайден хэнтэй адилхан бэ?

-Тэр над шиг чанга дуутай.-Нөхрийнхөө талаар яриач?

-Өндөр, биеэрхүү. Нөхөр маань хүүгээ өөртэйгөө адилхан гэж боддог. Харин надад бол тэр надтай илүү адилхан. Бас тэрний чанга дуу нь надаас гаралтай юм шүү дээ. Заримдаа хүү орилход, хойд ээж над руу хараад бид тэр хэнийг илүү дуурайсныг ойлгодог юм. /инээв/

-Аав чинь өвөө болсныхоо дараа их баярласан уу?

-Мэдээж. Эмээ ч гэсэн. Өмнө нь намайг зүгээр байгаа эсэхийг асуухын тулд өрөө рүү маань ирдэг байсан бол одоо “Миний зээ хүү хаана байна” гэдэг болсон.

-Аавыгаа тийм жаргалтай байхыг өмнө нь харж байв уу?

-Үгүй.

-Аав чинь ер нь их  хатуу хүн үү?

-Зан авирын хувьд хатуу. Үүнийг нь түүнээс суралцах ёстой. Тэр сайн хүн байхыг бидэнд сургадаг. Аав хандивын үйл ажиллагаанд намайг дагуулж явдаг байсан болохоор багаасаа л бид хэн нэгэнд туслах ёстой юм байна гэдгийг ойлгодог болсон. Бас намайг гарахыг хүсэхэд тэр зүгээр л явуулдаг. Би зүгээр гэж хэлсэн бол тэр надад итгэдэг.

-Мөнгөний тухай, мөнгийг хэрхэн олох талаар өөрт чинь заадаг уу?

-Мөнгөөр бүхнийг худалдаж авч болохгүй. Хэтэрхий их мөнгөтэй байх нь заримдаа асуудал дагуулж байдаг. Хүн бүр түүнийг олохын төлөө тэмцдэг. Аав надад үргэлж “Чи мөнгө олохгүй бол юу ч худалдаж авахгүй” гэж хэлдэг. Намайг дэлгүүр хэсэх дуртайг чи мэднэ шүү дээ.

-Тэр хэтэрхий их мөнгө үрж байна гэж ер нь хэлж байв уу?

-Би бага байхдаа дэлгүүр хэсэх зуршилтай болсон байсан. Харин нас нэмэхийн хэрээр мөнгө олох тийм ч амар биш гэдгийг, бас мөнгөний үнэ цэнийг илүүтэй ойлгодог болж байна. Урьд нь Шанель ч юмуу дэлгүүр рүү ороод нүдэнд харагдсан бүхнээ л “Энийг, энийг, энийг авья” гээд л авдаг байсан. Шанелийн яг адилхан таван цүнх аваад гэр рүүгээ буцсан ч удаа бий. Одоо бол өөрт таалагдсан зүйлээ л авдаг болсон.

-Петер Лимийн охин байх дарамт ихтэй л байх?

-Би наад шатыг чинь алхчихсан. Өсвөр насанд аав надад өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байгаагүй учраас тэр үед надад дарамттай юм шиг санагддаг байсан. Би удахгүй аавынхаа оффист ажиллана. Өнгөрсөн долоо хоногт энэ тухайгаа ч хэлсэн. 

-Юу хийх юм бэ?

-Маркетингийн хэлтэст ажиллана. Хөрөнгө оруулалт бол миний талбар биш. /инээв/ Гэхдээ мэдээж суралцсаар л байна. Эхний ээлжинд компаниа яаж удирдахыг мэддэг байх ёстой.

-Мөнгөтэй байхын хэрээр, түүнээс чинь гуйх, зээлэх хүсэлтэй хүмүүс эргэн тойронд чинь олон байдаг байх, тийм үү?

-Бага сургуульд байхдаа ч би үргэлж л халаасны мөнгөтэй явдаг байсан. Аав их өгөөмөр учраас хүмүүс надаас үргэлж л мөнгө зээлэхийг хүсдэг байж билээ. Би ч гэсэн тэднийг сайн танихгүй байж мөнгө өгч, өмнөөс нь төлбөр тооцоог нь хийдэг байсан. Том болох тусмаа үдэшлэгт явж, олон найз нөхөдтэй танилцдаг ч, аль нь жинхэнэ найз вэ гэдгийг төдийлөн ялгаж чаддаггүй байсан юм. Одоо ч надад олон найз байхгүй. Би олон хүнтэй дотно найзлахыг хүсдэггүй.

-Найзуудын чинь дунд өөрсдийнхөө бизнест хөрөнгө оруулалт хийлгүүлэх сонирхолтой олон хүн байдаг байх?

-Тийм ээ, гэхдээ хөрөнгө оруулалт хүссэн хүсэлт бүрийг нь хүлээж авах боломжгүй. Тэднийг бизнес ярихад нь би шууд л үгүй гэж хэлдэг.

-Хүмүүс аавтайгаа танилцуулж өгөхийг чамаас гуйдаг уу?

-Зөндөө. Тэр бүрт нь “Уучлаарай, үгүй” гэж хэлдэг.

-Чиний сонссон хамгийн муу бизнесийн санал юу вэ?

-Олон л сонсдог. Хамгийн сүүлд нэг залуу “Надад нэг сая ам.доллар өгчих. Тэгээд миний зүрх сэтгэлийг ав” гэж мессеж бичсэн байсан. Бас зарим хүмүүс “Надад газар байгаа. Чи надад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Мөнгийг чинь заавал буцааж өгнө гэдгээ амлая” гэдэг. Огт танихгүй хүмүүс байж. Магадгүй манай найзууд надаас яаж асуухыг тэднээс илүү мэдэх байх.

-Өөрийг чинь автобус авч байсан гэж сонссон юм байна?

-Черейтэй хамт галт тэрэг авч байсан. Сентозад болсон нэг үзэсгэлэнд яаралтай очих хэрэг гараад Орчардаас галт тэрэг авч байсан юм. Бага сургуульд байхдаа 171 номерын автобусыг авч байснаа санаж байна.