Өнгөрсөн оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтад “Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр шалгарч гэрээ байгуулсан юм. Тэгвэл хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” хэзээ хэрэгжиж эхлэх талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодрууллаа.
-“Түрээсийн дугуй үйлчилгээ” хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ оны зургадугаар сарын 6-10-ны хооронд 500 дугуйгаа хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр зургадугаар сарын эхээр “Түрээсийн дугуй үйлчилгээ” хэрэгжээд эхэлчих байх.
-Байршлын хувьд хаанаас хаа хүртэл байх вэ. Дугуйн замын асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
-Энэ онд хотын төв буюу их тойруу дотор явна. Улаанбаатар хотод байгаа дугуйн замын тэмдэглэгээ хийсэн газруудаар явна гэсэн үг. Тодруулбал, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ийн тойргоос арай наагуур, урагшаа Зайсангийн гүүр хүртэл гэсэн чиглэлийн дагуу явна. Мөн энэ жил шинээр стандартын шаардлага хангасан дугуйн зам нэмэхээр болсон.
-“Түрээсийн дугуй үйлчилгээ”-ний үнэ хэд байх вэ?
-30 мин 500, нэг цаг 1000, нэг цагаас гурван цаг хүртэл 2000, гурван цагаас таван цаг хүртэл 3000 төгрөг гээд үнэ нь өсөөд явах юм.
-Иргэд төлбөрөө яаж төлөх вэ?
-Гар утсандаа “UBIKE” аппликэйшн суулгаад бүртгүүлнэ. Иргэд Хас банкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утсаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулснаар дугуйны түгжээ автоматаар тайлагдана. Хэдэн минут явсан, хэдэн төгрөг гарсан нь мессежээр ирж, данснаас нь хасагдаад явах юм. Хас банкны данс байхгүй бол өөр банкны данс бүртгүүлж болно. Гэхдээ банк хоорондын гүйлгээ хийсэн гэж нэмэлт мөнгө авах юм.
-Эдгээр дугуйнууд зогсоол дээр ил байна гэсэн үг үү?
-Ухаалаг систем ашиглаж байгаа учраас зогсоол дээр дугуйнууд нь түгжээтэй байх юм. Аппликейшнээ утсандаа татаж авсан тохиолдолд дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулаад, түгжээг тайлаад унаад явна. Дугуйгаа унаад өөрийнхөө очих газраа аваачаад тавихдаа гараараа түгжинэ. Зогсоолоос зогсоолын хооронд явсан тохиолдолд онооны урамшуулал үзүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Цаашид хэдэн дугуй нэмж түрээслэх боломжтой вэ. Эдгээр дугуйг хулгайд алдахаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ онд 500, 2019 онд 500, 2020 он гэхэд 1500 дугуй түрээсэлнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ хүмүүсийн хэрэглээнээс хамаарна. Бид өөрсдөө үйлдвэрлэдэг болохоор богино хугацаанд дугуй хийгээд байж болно. Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулсан.