ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Батсүх: Бодлогын хүүгийн 1 нэгж хувийн өсөлт нь зээлийн хүүд 0.3 хувиар нөлөөлнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-29

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Ц.Батсүхтэй ярилцлаа. 

-Монголбанк өнгөрсөн хуга­цаанд бодлогын хүүг тогтмол түвшинд барьж, буулгах чиглэлд анхаарч байсан. Гэтэл саяхан бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргалаа. Үүнд юу нөлөөлсөн юм бол? 

-Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан энэ сарын 27-ны өдөр болж, бодлогын хүүг 11 хувь болголоо. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байна. Ирэх оны тухайд Америк Хятадын худалдааны дайнаас үүдэлтэй Хятадын эдийн засаг удааширч байгаа. Үүнээс үүдэлтэйгээр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, экспортын орлого буурах хандлагатай байна. Хоёрдугаарт, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь доллар үнэтэй болж байна гэсэн үг. Гуравдугаарт, дотоодын зах зээлд ойрын үед болж байгаа үйл явдлууд байна. Тухайлбал, урд хил дээр нүүрс оруулахгүй байгаагаас болоод валютын ханш өсөх нөхцөл бүрдээд байгаа. Тэгэхээр валютын ханшийг тогтворжуулахын тулд зөвхөн интервэнц хийх нь цаашдаа үр дүн багатай болж байгаа учраас хоёр дахь арга хэрэгсэл болгож, төгрөгийн үнэ цэнийг өсгөж байгаа шийдвэр юм.

-Гэхдээ энэ шийдвэртэй холбоотойгоор жирийн иргэдийн хувьд авч байгаа талхных нь үнэ өсөх вий, инфляци өсөх вий гэх болгоомжлол байж магадгүй юм. Энэ талаар тайлбар өгөөч?

-Бодлогын хүүг өсгөнө гэдэг нь дээр ярьсан үйлдлүүдийг хязгаарлах гэсэн оролдлого. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг өсгөснөөрөө мөнгөний нийлүүлэлтийг хумьж, инфляци хөөрөгдөх боломжийг хашиж өгч байгаа юм. Үүнд нэг сөрөг тал байгаа нь юу гэхээр зээлийн хүүнд тодорхой хэмжээний дарамт авчрах байх. Судалгаагаар бодлогын хүүгийн 1 нэгж хувийн өсөлт нь зээлийн хүүд 0.3 хувийн өсөлт авчрах нөлөөлөлтэй байна. Нөгөөтэйгүүр бодлогын хүүг өсгөх шийдвэр нь эдийн засгийн идэвхжил харьцангуй суларч байгаа үед таарч байгаа. Тийм учраас зээлийн хүүтэй холбоотой сөрөг тал харьцангуй бага, эерэг тал нь илүү өндөр байх болов уу.

-Цаашдаа эдийн засагт нөхцөл байдал ямар байх бол. Бидний төсөөлөл нэлээд өөдрөг байсан. Гэвч дэлхийн худалдааны дайн, нүүрсний хязгаарлалттай холбоотой асуудлууд гараад эхэллээ. Тэгэхээр мөнгөний бодлого зөвхөн энэ удаад ч бус цаашдаа ч чангарах төлөв байж болох уу?

-2018 он их эерэг байсан. Бид энэ үеийг ашиглаж, мөнгөний бодлогоо сулруулж, бизнес эрхлэгчдээ дэмжихийг зорьсон. Гэвч 2019 онд нөхцөл байдал хүнд байх нь ээ. Тийм учраас цаашид ч бас мөнгөний бодлого чангарах байх. Яагаад гэвэл сангийн бодлого талдаа нэлээд тэлсэн байна. Энэ цаашдаа инфляцийг хөөрөгдөх үндсэн нөхцөл
болно. Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүднээс мөнгөний бодлогыг чангаруулах чиглэлд л арга хэмжээ авах болов уу гэж харж байна.

-Гэхдээ энэ нь эдийн засагт, иргэдийн худалдан авалтад муугаар нөлөөлөхгүй гэж ойлгож болох уу?

-Аль болох иргэдийн худалдан авалтад бага дарамт учруулах, инфляцийг хөөрөгдөхгүй байх талаар эртнээс арга хэмжээ авч байгаа юм. Төв банкны бодлого байндаа очих хүртэл багагүй хугацаа шаардагддаг. Тийм учраас бодлогын арга хэмжээг эртнээс авахгүй бол зорилгодоо хүрч амжихгүй байх талтай. Бид сарын өмнө хуралдаж, ийм арга хэмжээг авч байгаа юм.

-Энэ бодлогыг хэрэгжүүлснээр ирээдүйд учрах эрсдэлийг хаах, хязгаарлах боломж хэр бүрдэж байна вэ?

-Боломжийнхоо хэрээр эрсдэлийг бууруулах чиглэлд анхаарч, ажиллаж байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байх магадлал ч бас бий.

-Та эдийн засагчийн хувьд Монгол Улсыш ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Гадаад нөхцөл байдлын тухайдирэх онд сөрөг байгаа. Гэхдээ дотөөд нөхцөл байдлыг харвал төсвийн тэлэх бодлого хэрэгжих нь байна. Тэгэхээр энэ хоёр нөхцөл байдал бие биенийгээ нөхөх байдлаар явснаар эдийн засгийн өсөлт энэ оныхоос төдийлөн буурахгүй. Хамгийн гол нь валютын ханш болон инфляцийн түвшинд тодорхой эрсдэл үүсэх болов уу л гэж харж байгаа.

-Монголбанк төгрөгийн хан-шийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Цаашдаа валютын нөөц нэмэгдэх боломж байгаа юу?

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх шугам нь алтны худалдан авалт. Энэ жилийн тухайд худалдан авахаар төлөвлөсөн алтны хэмжээ нэг тонн орчмоор тасрахаар байгаа. Тэгэхээр валютын нөөц дээр нэлээд анхааралтай байж, аль болох интервэнц хийхгүй байхыг зорьж байгаа. Тийм ч учраас интервэнцээс гадна давхар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Цаашдаа эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад, цалин тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд инфляци өсчихвөл, авч байгаа цалингийн нэмэгдэл үр дүнгүй болох эрсдэл байна уу?

-Цалингийн нэмэлтээр дамжаад инфляци өсөх талтай. Үүний эсрэг мөнгөний үнэ цэнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлээд, хадгалах чиглэл рүү нь илүү хөрвүүлэх тал руу явах ёстой гэж үзэж байна.

-Монголбанкны хувьд цаашдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд хамгийн гол анхаарах асуудал нь юу байх вэ?

-Яг өнөөдрийн байдлаар Монголбанк байж болох бодлогын бүхий л арга хэрэгслүүдээ хэрэглэж байна. Нөгөө талаас Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлээд, ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн дагуу хөрөнгө оруулалт, санхүүжилтүүд ороод ирвэл нөхцөл байдал харьцангуй гайгүй байх төлөвтэй. Хамгийн гол нь өнөөдрийн тухайдулс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас болоод иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт өөр болоод, үнэ цэнэ нь харьцангуй тогтвортой хадгалагдах доллар руу хадгаламжаа шилжүүлэх үйлдэл хийгдэх аюултай байна. Тийм учраас төгрөгийн үнэ цэнийг хадгалах чиглэлд төв банк бодлого хэрэгжүүлж байгаа юм.