ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гуравдугаар Кимийн дэлгэх хөзөр буюу Пунгери 

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-24

-Цөмийн зэвсгийн талбайгаа хаах нь бэлгэдлийн шинж чанартай гэв-

Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд өнгөрсөн сард болсон БНСУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаас хэд хэдэн онцлох шийдвэр гарсан байдаг. Түүний нэг нь Умардын гуравдугаар Ким цөмийн зэвсгээс татгалзаж, цөмийн зэвсгийн Пунгери талбайгаа хаахаа мэдэгдсэн явдал байв.  Тэрбээр гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын сэтгүүлчдийг тус үйл ажиллагааны гэрч болохыг урьсан байдаг. Уг урилгын дагуу энэ сарын 22-ны өдөр гэхэд гадны арав гаруй сэтгүүлч БНАСАУ-д очжээ. 
 

Товлосон ёсоор цөмийн зэвсгийн туршилтын талбайг хаах ажиллагаа өчигдөр эхлэх байсан ч, яг хэзээ болох нь тодорхойгүй байв. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн сэтгүүлчид өчигдөр орой л Пунгери талбайд хүрчээ. Гэхдээ Пхеньяны тооцсоноор энэ үйл ажиллагаа 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Ёслолын үеэр цөмийн зэвсгийн туршилтын талбай руу орох цэг, эргэн тойрны обьектуудыг бүрэн устгаж, туршилтын хонгилыг дэлбэлэхээс гадна, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байшин, харуул хамгаалалтын байр, бусад обьектыг буулгах төлөвтэй байгаа аж.

Гэвч, барууны зарим эх сурвалж Умард Солонгосын цөмийн зэвсгийн талбайгаа хаах үйл ажиллагаа нь  жинхэнэ бус, ердөө бэлгэдлийн шинж чанартай гэдгийг шинжээчдийн дүгнэлтээс иш татан мэдээлж байна.  Учир нь ирэх сарын 12-нд Ким, Трамп нар анх удаагаа Сингапурт нүүр тулан уулзахаар тохиролцсон юм.  Шинжээчдийн үзэж буйгаар,  энэ уулзалтын бэлтгэл болгох үүднээс Ким үндэсний хэмжээний цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа бэлгэдлийн журмаар хаах гэнэ. Үүнийг судлаачид хэд хэдэн үндэслэлээр тайлбарлажээ. 
 

Нэгдүгээрт, Пхеньян өнөөдрийг хүртэл нийтдээ зургаан удаа цөмийн туршилт хийсэн юм. Хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын нутагт  6.3 магнитудын хүчтэй чичиргээн мэдрэгдсэн байдаг. Энэ бол тэрхүү туршилт ямар хэмжээний хохирол учруулсны нотолгоо аж. Өөрөөр хэлбэл, Пунгери туршилтын талбай дахин ашиглагдах боломжгүй болсон гэнэ. Массачусетсийн Технологийн институтын  профессор Випин Наранг “Хамгийн сүүлийн туршилтыг хийхэд талбайд нэлээд хохирол учирсан болов уу.

Тийм талбайг тэд дахин ашиглахгүй нь лавтай. Үүнээс гадна умардынхан тухайн газрыг хэрхэн цэвэрлэж, ямар байгууламжийг нүүлгэн шилжүүлж, юу хийж байгааг бид мэдэхгүй. Техникийн зохих төвшний мэдлэгтэй хэн ч шалгаж, нягталж чадахгүй байна” хэмээн ярьсан байна. Түүнчлэн, Хятадын геологичдын дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар Пунгери талбайн нэг хэсэг бүхэлдээ нурж,  дахин ашиглагдах боломжгүй болсон  нь тодорхой болжээ.  Хоёрдугаарт, Пхеньян Пунгери талбайг хаах ёслолыг олон улсын сэтгүүлчдийг үзэхийг зөвшөөрсөн ч,  талбайг сайтар нягтлах чадвартай шинжээчид, мэргэжлийн хүмүүсийг огт уриагүй ажээ. 
 

Гуравдугаарт, Ким Жон Ун аль хэдийнэ хамгийн орчин үеийн цөмийн зэвсэгтэй болж чадсан учир дахин туршилт хийх шаардлагагүй гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн байна.  Учир нь  Ким шинэ жилийн баярын мэндчилгээндээ Хойд Солонгос хамгийн орчин үеийн цөмийн зэвсэгтэй болсноо зарласан байдаг юм. Мөн “North 38”  сайтын ахлах редактор Женни Таун “Энгийнээр хэлбэл, тэд цөмийн туршилтаа зогсоох боломжтой. Учир нь шаардлагатай хөгжүүлэлтээ дуусгасан болохоор дахин туршилт хийх шаардлага байхгүй.

Үнэхээр Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор шийдсэн бол цөмийн туршилтын талбайг хаах үйл ажиллагаа ердөө урт удаан, бэрх замын эхний алхам байх болно” гэжээ.  Өчигдрийг хүртэлх хэдэн долоо хоногийн хугацаанд Умард Пунгери талбайн хэд хэдэн барилгыг нурааж, шилжүүлсэн нь  хиймэл дагуулаас авсан зурагнаас тодорхой болсон байна. Гэвч, ямар учиртай барилгыг нүүлгэн шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, нэгэн шинэ байгууламжийг барьсан нь үйл ажиллагааг үзэх сэтгүүлчдэд зориулсан хэсэг аж. 

Трамп, Кимийн уулзалт хойшилж магадгүй

Олон улс судлаачдын байр суурь, барууны сайтуудад гарсан мэдээллээс үзвэл Ким Жон Ун ойрын хугацаанд ямар “хөзөр” дэлгэхээс хамаарч, АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний түүхэн уулзалт болох эсэх нь шийдэгдэх бололтой. 
 

Тэдний уулзалтын гол зуучлагч нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болж байгаа юм. Мүн Жэ Ин мягмар гарагт АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзжээ. Энэ үеэр талууд зургадугаар сарын 12-нд товлогдсон уулзалт, эдүгээ үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан байна. 
 

Харин Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтаа хойшлуулж магадгүй хэмээн уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрбээр “Ирэх сарын 12-нд Сингапурт товлогдоод буй АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болохгүй байж магадгүй. Боллоо гэхэд хойшлогдох байх”  гэсэн байна.  БНАСАУ өмнө нь АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилттай холбоотойгоор хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг гэнэт цуцлах шийдвэр гаргасан юм.