Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд хуулийн хугацаа дуусахад долоо хоног үлдээд байна. Тиймээс энэ ажлын явц ямар байгаа талаар Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн Татварын улсын байцаагч Д.Хатантөмөрөөс тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад долоо хоног үлдсэн байна. Жолооч нар татвар, төлбөрөө хугацаандаа төлж амжсан уу?
-Нийслэлийн Засаг даргын баталсан журмын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчид албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгслийн сүүлийн оронгоос хамаарч төлөх зохицуулалт хийсэн. Тухайлбал, нэг, зургаагаар төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, хоёр, долоогоор төгссөн бол хоёрдугаар сар, гурав, наймаар төгссөн бол гуравдугаар сар, дөрөв, есөөр төгссөн бол дөрөвдүгээр сар, тав, тэгээр төгссөн бол тавдугаар сард тус тус албан татвар болон төлбөр хураамжаа төлөхөөр заасан. Нийслэлийн хэмжээнд хамрагдвал зохих нийт 442074 тээврийн хэрэгсэл байгаагаас өнөөдрийн байдлаар 265772 нь албан татвараа төлж, одоогийн байдлаар 60.1 хувьтай байна.
-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид сар, сардаа татвар, төлбөрөө төлөхгүй байна гэсэн үг үү?
-Журамд хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч тухайн сардаа төлж чадаагүй бол дараагийн сард нь заавал төлөх ёстой гэдгийг зааж өгсөн байгаа. Энэ хүрээндээ сурталчилгаа, мэдээллийг ч өргөн хүрээнд түгээж байгаа. Гэвч сар бүрийн төлөлтийн хувь тааруухан байна. Тухайлбал, нэгдүгээр сард 64, хоёрдугаар сард 74, гуравдугаар сард 73, дөрөвдүгээр сард 58, тавдугаар сард буюу одоо 29 хувьтай байна. Тиймээс бид Замын цагдаагийн албатай хамтран албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, татвараа төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна.
-Уг нь албан татвар, төлбөр хураах цэг хангалттай ажиллаж байгаа биз дээ. Яг одоогийн байдлаар хэчнээн цэг ажиллаж байна?
-Нийт 19 цэг ажиллаж байгаа. Энэ сард нэмэлтээр найман цэг гарч, нийт 27 цэг ажиллаж, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд үйлчилж байна. Мөн www.smartcar.mn онлайн системийг ашиглаж, албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар төлөх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон гэсэн үг. Албан татвар, төлбөр төлсөн баримт тухайн жолоочийн и-мэйл хаяг руу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр аливаа банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулах зэрэг цаг заваа хэмнэх боломжтой болж байгаа юм. Хэрэв онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойрхон татвар хураах дурын цэгт очиж тамга даруулан баталгаажуулах хэрэгтэй.
-Хуулийн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдлээ. Энэ хугацаанд амжиж татвар, төлбөрөө төлөөгүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Заасан хугацаанд татвараа төлөөгүй хүмүүст Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцно. Үүнд, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа. Мөн Замын цагдаагийн албанаас хуулийн хугацаанд татвараа төлөлгүй хөдөлгөөнд оролцсон гэдэг үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авахаар байгаа. Тиймээс нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийг хуулийн хугацаандаа амжиж, татвар, төлбөрөө төлөхийг сануулж байна.
-Хэрэгцээнээс гарчихсан тээврийн хэрэгслээ нэр дээрээсээ хасуулахгүйгээр татварын өр төлбөрт ороод явдаг хэсэг байдаг гэсэн. Эдгээр хүмүүс тээврийн хэрэгслээ нэр дээрээсээ хасуулахын тулд хаана хандах ёстой вэ?
-Хэрэгцээгүй болсон, ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслээ нэр дээрээсээ хасуулахгүйгээр өр төлбөрт ордог хүн цөөнгүй бий. Тиймээс эдгээр иргэд яаралтай бүртгэлээс хасуулах хэрэгтэй. Хасалт хийлгэх иргэд Нийслэлийн татварын газраас тодорхойлолт аваад, Автотээврийн үндэсний төвд очиж хасалтаа хийлгэх боломжтой. Одоогоор оношлогоо, даатгал, албан татвар, төлбөр хураамжаа төлөөгүй 4-5 жил болчихсон 50 орчим мянган тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргачихсан байгаа. Эдгээр тээврийн хэрэгсэлд багтсан бол манайхаас тодорхойлолт авалгүйгээр шууд Авто тээврийн үндэсний төвд очиж хасалтаа хийлгэх боломжтой.